
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Энэ сарын 21-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны хоёрдугаар сарын 20-ны 20 цагаас 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар эрс хүйтэрч, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.











































