
Улаанбаатар хот — Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (Mongolia Tourism Organization) хамтран зохион байгуулж буй “Tourism Week – 2026” үндэсний чуулган Төрийн ордонд албан ёсоор нээлтээ хийлээ.
Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хорооны дарга Н.Батсүмбэрэл, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны Ерөнхийлөгч Т.Баттулга, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон аялал жуулчлалын салбарын 900 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэ жилийн чуулганд олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлж байна.
Үүнд:
• Ноён Кацүхиса Ишизаки – UN Tourism (Ази, Номхон далайн бүс)
•Ноён Мияги Кэнсүкэ – Japan International Cooperation Agency (JICA)
• Хатагтай Жу Хэйн Нан – Korea International Cooperation Agency (KOICA)
Мөн UN Tourism, JICA, KOICA, Солонгосын аялал жуулчлалын байгууллагууд, The Nature Conservancy зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудын илтгэгчид, гадаадын хөрөнгө оруулагчид оролцож байгаа нь онцлог болж байна.
Монгол Улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй байна.
• 2023 онд 651,061 жуулчин хүлээн авч, эдийн засагт 1.2 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн.
• 2024 онд 808,956 жуулчин ирж, 1.6 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн.
• 2025 онд анх удаа 847,170 жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оноос 16 хувийн өсөлт бөгөөд бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болж байна.
Мөн 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 28-ны хооронд Монгол Улс 44,767 жуулчин хүлээн авч, өвлийн улиралд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт тогтоосон нь Монголын өвлийн аялал жуулчлалын шинэ боломж, өсөлтийг харуулж байна.

“Tourism Week – 2026” үндэсний чуулганд нийт 1000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Оролцогчдын 55.2 хувь нь зочид, 24.1 хувь нь сонирхогчид, 18.6 хувь нь оюутнууд байгаа бол үлдсэн хэсгийг илтгэгчид, хэвлэл мэдээлэл, олон улсын төлөөлөгчид болон ивээн тэтгэгчид бүрдүүлж байна.
Үйл ажиллагааны чиглэлээр тур операторууд (24.3%), боловсрол, сургалтын байгууллагууд (17%), агаарын тээврийн компаниуд (16.9%), жуулчны баазууд (12.6%), хөтөч-тайлбарлагчид (6.6%) болон салбарын бусад байгууллагууд оролцож байгаа нь аялал жуулчлалын салбарын өргөн хүрээний оролцоог илэрхийлж байна.
“Tourism Week – 2026” чуулган нь төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх чухал платформ болж байна.
Хамтдаа Монголын аялал жуулчлалын ирээдүйг бүтээж, өвлийн аялал жуулчлалын шинэ түүхийг бичиж байна.



















































