
Улаанбаатар хот, 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр.
Монголын Мянганы сорилтын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг “Усны тухай ярилцъя” сэтгүүлчдийн уулзалт 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр болж, Компактын хүрээнд шинээр байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй танилцлаа. Монголын Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилго бүхий “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2021 оны 3 дугаар сарын 31-ээс 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөр товлосон хугацаанд амжилттай хэрэгжиж дуусаж байгаа бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, 2025 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн бол хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Усны Компактын хүрээнд Улаанбаатар хот эдийн засгийн хувьд хөгжин тэлэх нөхцөлийг бүрдүүлэх хатуу дэд бүтцийн хоёр том бүтээн байгуулалтын төслийн зэрэгцээ хууль эрх зүй, бодлого зохицуулалт, тогтолцооны дэмжлэг үзүүлэх, салбарын чадавхыг бэхжүүлэх Усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийн төслийг хэрэгжүүлж байна. Хоорондоо харилцан уялдаа бүхий энэхүү гурван төсөл нь усны салбарт сүүлийн 30 жилд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд ус хангамжийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдэхэд чиглэсэн мега төсөл юм.
Тодруулбал, Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр бий болгох төслийн үр дүнд Улаанбаатар хотын нийт ус хангамж 50 хүртэл сая шоо метрээр нэмэгдэх бол Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн нь хамт барьж шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, жилд 18 сая хүртэл шоо метр дахин ашиглах цэвэрлэсэн усыг дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцуудын хэрэгцээнд нийлүүлж, эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усыг ашиглах боломжийг бий болгож байгаа юм.
2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийх энэхүү үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт, монгол инженерүүдийн хөдөлмөр зүтгэл, америк мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулснаараа онцлог юм.
Хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нь Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгож, улмаар гүний усыг ирээдүй хойчдоо хадгалж үлдээх боломжийг бүрдүүлнэ.

Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай:
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны Компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

Монголын Мянганы сорилтын сангийн Олон нийттэй харилцах хэлтэс
Вэб хаяг: communications@mca-mongolia.gov.mn
Утас: 77111710 (571, 572)
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж, МПМ Комплекс
























































