
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол Спортын төв ордонд боллоо.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх, Монголын оюутны спортын VII наадмын зохион байгуулах хорооны гишүүн Ш.Амарсайхан, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж, наадмыг нээж МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан хэлсэн үгэндээ “Монголын оюутны спортын наадам нь үндэсний болон олон улсын түвшинд оюутны спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг тэмдэглэхийн ялдамд наадмаас шалгарсан тамирчдыг ирэх онд болох Дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” наадамд оролцуулах ажлыг бид зохион байгуулна” хэмээн тодотгов.

VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна. Тус наадам гуравдугаар сарын 6-наас тавдугаар сарын 8-ны хооронд 15 заал, танхимд болж байгаа бөгөөд өдгөө ширээний теннис, таеквондогийн спортын медальтнууд тодроод байна.






















































