Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар өнөөдөр /2026.04.13/ НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Афганистанын Исламын Эмират Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Папуа Шинэ Гвиней Улс болон Монгол Улсыг хариуцсан захирал Жин И.Пактуран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Н.Наранбаатар өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд тус сангийнханд талархал илэрхийлэв.
Мөн тэрбээр Монгол Улсад “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг 2011-2024 оны хугацаанд хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлснийг дурдаад энэхүү төслийг үргэлжлүүлэхээр болсонд орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд дэмжиж байна гэлээ.
Төслийн дараагийн үе шатны нэмэлт санхүүжилтийн 66 хувь нь арилжааны, 34 хувь нь хөнгөлөлттэй нөхцөлтэй тул үүнийг Өрийн удирдлагын тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичигтэй бүрнээ нийцүүлэх нь чухал гэдгийг Н.Наранбаатар дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас уг зээлийн хэлэлцээрийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нөхцөлд Төсвийн байнгын хорооноос дэмжин ажиллах болно гэлээ.
Эрхэмсэг ноён Жин И.Пактуран ажил ихтэй хэдий ч цаг зав гарган хүлээн авсанд Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт тус сангаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн талаар багагүй мэдээлэл, судалгаатай буйд олзуурхаж байгаагаа дуулгалаа.
Тэрбээр тус сангийн Удирдах зөвлөлөөс төслийг үргэлжлүүлэхээр нэмэлт санхүүжилтийг баталсныг онцлоод энэ хүрээнд малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, бодлогын шинэчлэл, сайжруулалтыг дэмжихэд чиглүүлж, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


















































