
Сүүлийн өдрүүдэд “Очирдара” брэнд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, нөгөө талаар тухайн брендийг тойрсон хэрэглэгчдийн шүүмжлэл, маргаан цахим орчинд өрнөж байна.
“Очирдара” брэндийн тансаг зэрэглэлийн гангар шаазан лимит иж бүрдэл нь БНХАУ-ын Таншань мужийн 76 жилийн түүхтэй шаазан эдлэлийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн хэмээн танилцуулдаг. Брэндийн үүсгэн байгуулагч Б.Цэцэг нь бүтээгдэхүүний дизайн, өнгө төрх, чанарт онцгой анхаарч ирснээ олонтаа онцолж байсан юм.
Хэдхэн өдрийн өмнө олны танил, олон талын авъяастай, адтай бүсгүй Б.Цэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Очирдара Кидс” нэртэй Монголын анхны сурагчийн цүнхний брэндээ танилцуулж, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед үнийн хэт өсөлтөөс зайлсхийх бодлого баримталж буйгаа мэдэгдсэн.

Гэвч энэхүү мэдэгдлийн дараа цахим орчинд шүүмжлэл өрнөж эхэлжээ. Зарим хэрэглэгчид шинэ сурагчийн цүнхийг БНХАУ-ын 1688 болон Taobao зэрэг цахим худалдааны платформ дээр худалдаалагддаг 189 юанийн үнэ бүхий бүтээгдэхүүнтэй ижил төстэй бөгөөд зөвхөн “Очирдара” гэсэн логог хатгуулаад үндэсний том бренд болох уу? хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна

Үүнээс гадна өмнө нь “Очирдара” брэндийн халуун савтай холбоотой хэрэглэгчийн гомдол мөн дахин хөндөгдөж байна.
Тодруулбал “Очирдара” брендийн “Халуун сав”-ын амсар хэсэг хууларч, ус цайтай хамт аяга руу ороод балай юм. Хуулардаггүй чанартай юм хийж болдоггүй юм байхдаа. Битгий аваарай, мөнгөний гарз шүү" хэмээн иргэн өөрийн хаягнаасаа бичиж нийтэлжээ.


Хэрэглэгчид зөвхөн брэндийн нэр, сурталчилгаанд бус бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, үнэ цэнийн уялдаа холбоонд илүү өндөр шаардлага тавьдаг болсон. Иймд “Очирдара”-ын шинэ бүтээгдэхүүнүүдийг тойрсон маргаан цаашид хэрхэн өрнөх, мөн брэндийн зүгээс хэрэглэгчдийн тавьж буй асуултад ямар байр суурь илэрхийлэх нь олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна.
Т.Зузу





















































