
Орос, Украины дайн эхэлснээс хойш дөрөв гаруй жил өнгөрсөн ч энгийн иргэдийн амь нас хохирсоор байна. НҮБ-ын мэдээлснээр 2026 оны зургаадугаар сар Украинд энгийн иргэдийн хувьд 2022 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн олон хохиролтой сар болжээ. НҮБ-ын Хүний эрхийн мониторингийн байгууллагын мэдээллээр өнгөрсөн сард Оросын цохилтын улмаас Украины 293 энгийн иргэн амиа алдаж, 1990 хүн шархадсан байна. Энэ үзүүлэлт нь Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойших хамгийн өндөр сарын хохирлын нэг болж байгаа юм.
НҮБ-ын төлөөлөгчид хохирол нэмэгдэх гол шалтгааныг алсын тусгалтай пуужин, нисгэгчгүй төхөөрөмж болон бусад хүчтэй зэвсгийн хэрэглээ эрчимжсэнтэй холбон тайлбарлажээ. Ялангуяа фронтын шугамаас хол орших хотууд, хүн ам шигүү суурьшсан бүсүүдэд халдлага нэмэгдсэн байна.
Украины нийслэл Киев болон бусад томоохон хотууд сүүлийн саруудад пуужин, дроны халдлагын бай болсоор байгаа. Орон сууцны барилга, эрчим хүчний дэд бүтэц зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой объектууд өртөж, олон мянган хүн хүнд нөхцөлд амьдрахад хүрч байна. НҮБ-ын мэдээллээр 2026 оны эхний зургаан сарын хугацаанд Украины нутаг дэвсгэрт баталгаажсан энгийн иргэдийн амь үрэгдсэн тоо 1400 орчимд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 37 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Украины эрх баригчид агаарын довтолгооноос хамгаалах системийн дутагдал нь хотуудыг хамгаалахад хүндрэл учруулж байна гэж мэдэгдэж байгаа бол Оросын тал цэргийн болон стратегийн байг онилж байгаа гэж тайлбарладаг. Харин олон улсын байгууллагууд иргэдийн эсрэг аливаа халдлагыг зогсоохыг уриалсаар байна.
Орос, Украины дайн үргэлжилсэн хэвээр байгаа энэ үед хамгийн өндөр төлөөсийг фронтоос хол амьдарч буй жирийн иргэд төлж байна. НҮБ-ын анхааруулж буйгаар хүчирхийллийн энэ хандлага цааш үргэлжилбэл энгийн иргэдийн хохирол улам нэмэгдэх эрсдэлтэй байна.
Л.Баяр


















































