
Өглөө сэрээд хамгийн түрүүнд кофе руу гараа сунгадаг хүн олон. Нойрмог нүд, кофены үнэр. Энэ бол зарим хүний хувьд өдрийг эхлүүлэх жижигхэн ёслол. Гэхдээ кофе биднийг үнэхээр сэргээдэг үү? Шинжлэх ухааны судалгаагаар бол тийм. Кофены гол идэвхтэй бодис болох кофеин тархинд үйлчилж, нойрмоглох мэдрэмжийг бууруулдаг.
2025 онд Psychopharmacology сэтгүүлд нийтлэгдсэн 31 судалгаа, 1,455 хүнийг хамарсан мета-анализ кофеин нь анхаарал төвлөрөл, хариу үйлдлийн хурдыг сайжруулдаг болохыг харуулжээ. Ялангуяа нойр дутуу үед энэ нөлөө илүү мэдэгдэхүйц байдаг.
Гэхдээ кофе бол ид шидийн ундаа биш. Өчигдөр шөнө дутуу унтсан бол өглөөний кофе таны ядаргааг түр далдалж болохоос алдсан нойрыг нөхөж чадахгүй.
BMJ сэтгүүлд нийтлэгдсэн томоохон тоймд олон зуун судалгааг нэгтгэн үзэхэд дунд зэргийн кофе хэрэглээ нь зүрх судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, элэгний зарим өвчин болон нийт нас баралтын эрсдэл бага байхтай холбоотой байжээ.

Кофенд ч бас сул тал ч бий. Зарим хүний хувьд кофеин зүрх дэлсэх, гар чичрэх, түгших, ходоод тавгүйрхэх шалтгаан болдог. Мөн кофе оройтож уувал нойрны чанарт сөргөөр нөлөөлж болно. 24 судалгааг нэгтгэсэн мета-анализ кофеин хэрэглэх нь нийт унтах хугацаа болон нойрны чанарыг бууруулж болохыг харуулсан байна.
Тиймээс өглөөний нэг аяга кофе бол эрүүл мэндийн “эм” ч биш, хор ч биш. Хүний бие кофеинд хэр мэдрэг вэ, өдөрт хэр их хэрэглэдэг вэ, хамгийн сүүлд хэдийд кофе уудаг вэ гэдгээс их зүйл шалтгаална.
Өглөөг кофегоор эхлүүлэх дуртай бол аягаа тайван ууж болно. Гагцхүү нэг зүйлийг мартаж болохгүй. Кофе биднийг сэрээж чадна. Харин нойрыг орлож чадахгүй.





















































