
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсын Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, дэслэгч генерал Федай Үнсалийг хүлээн авч уулзлаа.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНТУ-ын Хууль зүйн яам болон Дотоод хэргийн яамтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа олон жилийн туршид хөгжүүлэн амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглэн энэ удаагийн айлчлал хоёр улсын хил хамгаалах байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Цаашид БНТУ-ын Хуурай замын цэргийн командлалтай харилцан туршлагаа солилцохын зэрэгцээ хил хамгаалах байгууллагынхаа алба хаагчдыг Турк Улсад сургаж мэргэшүүлэх, хүний нөөцийг бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Турк Улсын Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, дэслэгч, генерал Федай Үнсал “Турк Улсын хувьд 3000 км орчим хуурай замын хилийн зурвастай, Монгол Улсын хувьд 8000 км орчим хуурай замын хилийн зурвастай юм байна. Улс орнуудын хил хамгаалах салбарт тулгамдаж буй асуудал ерөнхийдөө адил, төстэй байдаг. Турк улсын хувьд хилийн хамгаалалтын арга барилаа байнга өөрчилж, сайжруулж ирсэн. Цаашид хоёр улсын хил хамгаалах салбарт харилцан туршлага солилцох, дээд түвшний айлчлал хийх, техникийн болон алба хаагчдын чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах боломжтой. Энэ удаагийн айлчлал хамтын ажиллагааг нэг шат ахиулна гэдэгт итгэж байна” хэмээв.
Талууд Улсын хил хамгаалалтад дэвшилтэт техник, технологи хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамж, мэдээллийн систем нэвтрүүлэх чиглэлд албаны туршлага солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх; ХХЕГ-ын алба хаагчдыг дунд хугацааны болон мэргэжил олгох сургалтад үе шаттай хамруулах, соёл, спортын арга хэмжээг харилцан зохион байгуулахаар санал нэгдэв.
Уулзалтад ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч, генерал Ж.Бямбасүрэн, БНТУ-ын Хуурай замын цэргийн командлалын Цэргийн харилцаа, стратегийн газрын дарга, бригадын генерал Ведат Эр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
























































