
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг, Бичигтийн-Өндөр гэх газарт энэ оны аравдугаар сарын 8-нд ой, хээрийн түймэр гарч, Монгол орны экологийн хувьд онцгой ач холбогдолтой, хамгаалалт шаарддаг бүс нутгийн нэг болох Нөмрөгийн дархан цаазат газарт хохирол учирчээ.
Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл холбогдох албаныханд түймрийн шалтгаан, нөхцөл болон учирсан хохирлын хэмжээг яаралтай тогтоож, хуулийн хүрээнд шалгах үүрэг өгсөн байна.
Тэрбээр “Хэний зөвшөөрлөөр дархан цаазат газарт нэвтэрснийг нь хуулийн хүрээнд шалгаж, тогтоо. Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо. Хохирлын хэмжээг яаралтай нарийвчлан тогтоож, хуулийн дагуу шалга” хэмээн үүрэг чиглэл өгчээ.
Нөмрөгийн дархан цаазат газар нь байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах чухал ач холбогдолтой бүс нутаг юм. Иймд түймрийн улмаас байгаль орчин, ан амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг нарийвчлан тогтоохын зэрэгцээ түймэр гарсан шалтгаан, дархан цаазат газрын хамгаалалтын дэглэм зөрчсөн эсэхийг шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх шаардлагатай байна.
Т.Золзаяа


















































