
Манай төлөөлөгчид хүн ам зүйн статистик; боловсролын статистик; ажил эрхлэлтийн статистик; шинжлэх ухаан, технологийн статистик; албан бус сектор; статистикийн чадавх бэхжүүлэх; статистик тоо мэдээлэл болон мета мэдээлэл солилцох нийтлэг стандарт гэсэн мэдээлэх асуудал, үндэсний статистикийн системд статистик-орон зайн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох; албан ёсны статистикийн үндсэн зарчмуудын хэрэгжилт; үндэсний тооцоо; байгаль орчны статистик; ХАА-н салбарын статистик; Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөр; жендэрийн статистик; гэмт хэргийн статистик; эрүүл мэндийн статистик гэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд идэвхтэй оролцож байна.
Тус чуулганы үеэр Монгол, Австралийн санаачилсан “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн асуудлаарх Улаанбаатар хотын бүлэг”-ийн уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтыг Монгол, Австралийн статистикийн байгууллагын орлогч дарга нар ахлаж, Энэтхэг, Бразил, Иран, Норвеги, Мадагаскар, Мексик, Орос, Казакстан, ОУВС, НҮБ-ын Европын эдийн засгийн комисс, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага зэрэг 13 улс, олон улсын байгууллага оролцлоо. Уулзалтын үеэр ҮСХ-ны зүгээс мэдээлэл хийж, Зөвлөхүүдийн бүлгийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцож, Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг ирэх 9-р сард ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулахаар тохирчээ.