Өнөөдөр 15.30 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Нийслэлийн прокурорын газрын орлогч Ё.Сагсай МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг баривчилсан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, АТГ-ын мөрдөн шалгах хэлтэсийн хамтарсан баг Улсын хэвлэх үйлдвэр болон “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудлыг шалгасан. Үүний дагуу До.Чулуунбаатар, Б.Тулга нарыг баривчилж шалгасан. Тэгтэл МАХН-ын дэргэдэх “Шударга ёс хуульчдын холбоо”-ны гишүүд удаа дараагийн үйлдлээр эсэргүүцэл үзүүлж прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хийсэн. Өчигдөр гэхэд л Нийслэлийн прокурорын газарт ээлжит жагсаалаа зохион байгуулсан. Энэ үеэр манай прокурор О.Мөнхбаатарыг хүч хэрэглэн саатуулж, ажлаа хэвийн явуулах нөхцлийг нь хаасан юм. Тиймээс манай байгууллагын зүгээс хууль зөрчсөн үйлдэл гаргаж буй “Шударга ёс хуульчдын холбоотой хатуу хариуцлага тооцно” гэв. Мөн Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Сүхбаатар нь шударга бус шийдвэр гаргаж Б.Тулгыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг гаргасан. Тиймээс шийдвэр гаргасан шүүгчтэй хариуцлага тооцох өргөдлийг холбогдох албан тушаалтанд хүргүүлж, Б.Тулгыг дахин баривчилж шалгах болно” гэдгээ мэдэгдсэн юм.
Б.Чимэг