Өчигдөр Нийслэлийн прокурорын газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг сулласан талаар мэдээлэл хийсэн билээ. УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан баг Улсын хэвлэх үйлдвэр болон “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудлыг шалгасан. Үүний дагуу До.Чулуунбаатар, Б.Тулга нарыг баривчилж шалгасан. Тэгтэл МАХН-ын дэргэдэх “Шударга ёс хуульчдын холбоо”-ны гишүүд удаа дараагийн үйлдлээр эсэргүүцэл үзүүлж прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хийсэн. Нийслэлийн прокурорын газарт ээлжит жагсаалаа зохион байгуулах үеэрээ прокурор О.Мөнхбаатарыг хүч хэрэглэн саатуулж, ажлаа хэвийн явуулах нөхцлийг нь хаасан юм. Тиймээс манай байгууллагын зүгээс хууль зөрчсөн үйлдэл гаргаж буй “Шударга ёс хуульчдын холбоотой хатуу хариуцлага тооцно. Мөн Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Сүхбаатар нь шударга бус шийдвэр гаргаж Б.Тулгыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг гаргасан. Тиймээс шийдвэр гаргасан шүүгчтэй хариуцлага тооцох өргөдлийг холбогдох албан тушаалтанд хүргүүлж, Б.Тулгыг дахин баривчилж шалгах болно” гэдгээ мэдэгдсэн юм. Уг мэдэгдлийн дараа Сүхбаатар дүүргийн шүүх асуудлыг хэлэлцээд Б.Тулгыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэх шийдвэрээ хэвээр үлдээсэн байна.
Б.Чимэг