Өнгөрсөн зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэрэг гарсан билээ. Хэргийг 25 настай тус айлын хүргэн Д.Энхээ үйлдсэн юм. Түүнийг яг одоо Чингэлтэй дүүргийн шүүхэд 153.1, 112.2, 112.2.6, 112.7, 112.2.8, 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.7, 91.2.8, 91.2.12, 91.2.15, 91.2.16 гэсэн зүйл ангиудаар шүүж байна. Хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал оролцож байгаа юм. Хэргийг сануулбал, Тухайн үед мэдээллийн дагуу хөдөлгөөнт эргүүлийнхнийг очиход 25 настай Э нь хадам эх 45 настай Б-гийн амийг мэсээр хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хүнд, хөнгөн гэмтээсэн байсан аж. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалж, аминд нь заналхийлсэн байдалтай байжээ. Тэрбээр цагдаа нараас машин, сумтай буу шаардсан байна. Харин Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай ангийн хоёрдугаар тасгийн албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд 08.15 цагт хэрэгтэнд барьцаалагдсан хүмүүсийг суллажээ. Тэрбээр цагдаагийнханд саатуулагдсаны дараа “Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болсон. Эхнэр, хүүхдээ аваад явсан. Эхнэртэйгээ уулзах гэсэн боловч хадам ээж уулзуулаагүй. Тиймээс дээрх хэргийг үйлдсэн” гэж мэдүүлээд байсан юм.
Б.Чимэг