Швед улсад таван монгол хүүхэд тэнүүчлэн амьдарч байгаа талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан нь саяхан. Тэнд асарч халамжлах хүнгүй хүүхдүүд биш хэдэн архичин байна ч гэж ярьж байлаа. Тэгвэл Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Д.Алтайн өнөөдөр хэлсэнээр эдгээр таван хүүхдийн нэг нь Монгол улсын иргэн, бас нэг нь Швед улсын харъяалалтай гэнэ. Харин үлдсэн гурван хүүхдийн тухай ямар ч мэдээлэл манай улсын бүртгэлийн санд байхгүй байгаа аж. Энэ гурван хүүхдийг олон жилийн өмнө хууль бус бичиг баримт бүрдүүлэн эцэг эхээ дагаж хил гарсан байх магадлалтай гэж таамаглаж байгаа юм. ХТҮГ-ынхан Шведэд байгаа Монгол улсын ЭСЯ болон консулын газартай хамтран дээрх мэдээллийг олж авчээ. Гэсэн ч хүүхдүүдийн эрхийг хамгаалахын тулд овог нэр гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор нууцалж байна.
Б.Баяр