Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн П.Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид Тувад айлчилж байна. П.Нямдорж нар 1924-1945 онд Тувад зохиогдож байсан монгол бөхийн уралдаан тэмцээний талаарх архивын материалыг олж авах, хоёр орны энэ салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой яваа ажээ. Тувагийн Засгийн газрын шадар сайд, тус улсын Үндэсний бөхийн холбооны тэргүүн А.Дамба-Хуурга Монголын төлөөлөгчдийг Тува улсын арслан Маадыр Монгуш нарын алдартай бөхчүүдийн хамтаар хүлээн авч уулзсан байна. МҮБХ-ны удирдлага Увс аймгийн харъяат, улсын заан Д.Бумбаярын хувийн мэндчилгээг тэдэнд дамжуулжээ. Д.Бумбаярыг Тувагийн бөхчүүдийн бэлтгэл сургуулилтад ихээхэн анхаарч тусалсан, хоёр орны бөхчүүдийн холбоо харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан хэмээн Тувагийн Засгийн газар үнэлж өнгөрсөн зун гавъяат цолоо олгосон юм. П.Нямдорж Тувагийн бөхчүүдийг ирэх жилийн баруун таван аймгийн бөхийн барилдаанд ирж оролцохыг зөвлөөд, зохих амжилт гаргавал улсын наадамд урьж барилдуулахаа амлажээ. Мөн А.Дамба-Хуурга, М.Монгуш нарт МҮБХ-ны хүндэт тэмдгийг гардуулсан байна.
Сэтгэгдэл (1)