Муаммар Каддафийн хүү Саади Каддафийг Мексикт нууцаар нэвтрүүлэх оролдлогыг тус улсын цагдаагийнхан таслан зогсоож, зохион байгуулсан хүмүүсийг нь баривчилжээ. Нигерт гэрийн хорионд байгаа С.Каддафийг Мексикт гаргах ажиллагааг зохион байгуулж байсан хүмүүс нь хэд хэдэн орны зартай гэмт хэрэгтнүүд байсан бөгөөд Мексикийн цагдаагийнхан бэлтгэл ажлынх нь явцад илрүүлж таслан зогсоосон гэнэ. Энэ ажиллагаа есдүгээр сард болсон боловч тухайн үед олон нийтэд мэдээлэхгүй байхаар шийдсэн хэмээн Мексикийн Дотоод хэргийн сайд Алехандро Пуарэ ярьжээ. С.Каддафи чухам ямар зорилгоор Мексикт очихыг хүссэн, тэнд түүнийг хэн хүлээж байсан талаар сайд ямар нэг зүйл хэлсэнгүй.
Триполийг Ливийн босогчид авсаны дараа С.Каддафи есдүгээр сарын 11-нд хөрш Нигерт оргон гарсан юм. Нигерийн эрх баригчид түүнд орогнол олгосон боловч эрхийг нь нэлээд хэмжээгээр хязгаарласан билээ.