Эхнэр хүүхдээ барьцаалж, хадам ээжийнхээ амийг хөнөөсөн Д.Энхээд Чингэлтэй дүүргийн шүүхээс цаазын ял оноолоо. Шүүх хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, шүүгчээр Ц.Буяннэмэх нар оролцов. Түүнийг эрүүгийн хуулийн 153.1, 112.2, 112.2.6, 112.7, 112.2.8, 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.7, 91.2.8, 91.2.12, 91.2.15, 91.2.16 гэсэн 13 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, ялласан юм. Тэрээр өнгөрсөн зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам ээжээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн билээ. Хэргийн газар хөдөлгөөнт эргүүлийнхнийг очиход 25 настай Д.Энхээ нь хадам эх 45 настай Б-гийн амийг мэсээр хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хүнд, хөнгөн гэмтээсэн байсан аж. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалж, аминд нь заналхийлсэн байдалтай байжээ. Тэрбээр цагдаа нараас машин, сумтай буу шаардсан байна. Харин Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай ангийн хоёрдугаар тасгийн албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд барьцаалагдсан хүмүүсийг сулласан юм. Тэрбээр цагдаагийнханд саатуулагдсаны дараа “Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болсон. Эхнэр, хүүхдээ аваад явсан. Эхнэртэйгээ уулзах гэсэн боловч хадам ээж уулзуулаагүй. Тиймээс дээрх хэргийг үйлдсэн” гэж мэдүүлж байсан юм.
Б.Чимэг