Өчигдөр УИХ-ын хурлаар Авлигатай тэмцэх тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч энэ нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг нарын ширүүхэн маргаан болж хувирав.
Өчигдөр УИХ-ын хурлаар Авлигатай тэмцэх тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч энэ нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг нарын ширүүхэн маргаан болж хувирав. Ч.Сайханбилэг гишүүн шинэхэн томилогдсон АТГ-ын дарга нар чанартай, багц санал ирсэн учир түүнийг нь ярилцаж, нэгтгэж байж тус хуулийг чуулганаар хэлэлцье гэсэн санал хэлсэн юм. Харин үүнийг сонссон Х.Тэмүүжин гишүүн гэнэт огцом уурлаж “Юу вэ, болилдоо та нар. Яахаараа бүтэн сар хүлээгдсэн хуулийг хойшлуулна гээд байгаа юм бэ? АТГ-ын дарга нар тангараг өргөөд өөрсдөө бие дааж ажиллах ёстой. Журмаараа бол бид хэлэлцэх ёстой асуудлаа хэлэлцээд, шинэ саналаа дараа нь нэмж оруулна шүү” гэв. Авлигатай тэмцэх хуулийг хэлэлцэхгүй бол ард нь Сонирхлын зөрчлийн тухай хууль хүлээгдээд байгаа. Тиймээс УИХ-ын гишүүдэд хамгийн их лай, ланчиг болох хуулиудыг албаар ингэж хойшлуулж байна хэмээн Х.Тэмүүжин тун их уурсав. Ойрын үед хэлд ороод байгаа Д.Загджав гишүүн суудлаасаа өндөлзөн Ч.Сайханбилэг гишүүнийг өмөөрөх маягын зүйл ярьсанд тэрбээр “Та нар бүгдээрээ сонирхлын зөрчилтэй, авлигачид. Авлигал авах гэж л энд ирсэн биз дээ” гээд Ч.Сайханбилэг гишүүн рүү хуруугаараа чичив. Хорхой хүртэл биед нь хүрэхээр атирна гэгчээр Ч.Сайханбилэг гишүүн “Ажил ярьж байхад битгий улс төржүүлээд орилоод бай. Энэ жижиг улс төрөө гудамжинд гарч хий. Чи ганц омогтой нь юм уу” гээд мөн л суудлаасаа өндийв. “Ангийн дарга” С.Дэмбэрэл арай гэж маргааныг намдааж санал хураахад гишүүдийн ихэнхи нь 62,5 хувь нь хойшлуулъя гэсэн санал өгсөн юм. Харин Д.Одбаяр гишүүн “Нэг гишүүн энэ Ч.Сайханбилэгээс чинь овоо омог гардаг юм байна. Аль нутгийн хүү вэ? гэж асууж байна. Тэгэхээр нь би Дорнодынх л гэлээ” гэж хөгжилтэй нь аргагүй инээгээд гарч одов. Авлигачид гэж дуудаж уурссан, дуудуулж ичсэн бүгд хэдхэн минутын дараа хэвийн байдалд орчихов. УИХ-ын гишүүд маргасан ч өш санахгүй, уурласан ч уужуу болчихдог бололтой.
Б.Баяр