Ардын Засгийн газраас 1925 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргасны дагуу мөн оны арванхоёрдугаар сарын 9-нд анх төгрөгийг гүйлгээнд оруулжээ. Тухайн үед Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг цаасан тэмдэгтийн хамт гүйлгээнд гаргасан байна. Төгрөг гүйлгээнд гарсан даруйдаа гаднын мөнгөн тэмдэгтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Харин ардын засгаас гаднын мөнгөн тэмдэгтээс зах зээлд эзлэх жин багатай мөнгийг гүйлгээнээс татаж авах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ үед Хятадын янчаан тоогоор олон, зах зээлийн гүйлгээнд зонхилох үүрэгтэй байсан нь хууль ёсны төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж, улмаар улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байсан аж. Гэвч шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсноор 6.8 сая янчаантай тэнцэх гаднын мөнгийг хурааж, гаднын мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд том цохилт өгчээ.
Т.Хулан