Өчигдөр “Ice Top” хамтлагийн экс гишүүн С.Бат-Отгоны шүүх хурал Швед улсад боллоо. Түүнийг өнгөрсөн долдугаар сарын 11-нд Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт Арабын иргэн 18 настай эрэгтэйг хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэх үндэслэлээр буруутгаж шүүж байгаа юм. Хэдийгээр түүний хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн ч зэвсгийн чанартай зүйл буюу хүйтэн мэс хэрэглэж хүний амь хохироосон гэсэн үндэслэлээр 13 жилийн ял төлөвлөөд байсан юм. Харин шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас утсаар тодрууллаа.
-С.Бат-Отгоны шүүхийн шийдвэр хэрхэн гарав?
-Өчигдөр шүүх хурал нь болсон. Гэхдээ шүүхийн шийдвэр хараахан ирээгүй байна. Ер нь Европын холбооны улс аливаа хэргийн шүүх хурлын тогтоолыг тэр дор нь танилцуулдаггүй.
-Тогтоол нь хэзээ ирэх вэ?
-Ер нь долоо хоногийн дараа ирчих байх гэж бодож байна.
-Манай талаас ямар хүмүүс оролцов?
-Монгол улсаас Шведэд суугаа манай Элчин сайдын яамнаас төлөөлөгч оролцсон байгаа. Мөн тус улсын Өмгөөлөгчийн холбооноос томилж өгсөн өмгөөлөгч С.Бат-Отгонд эрх зүйн туслалцаа үзүүлсэн.
Б.Чимэг