1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд
Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж, ерөнхий зохицуулагчаараа
Санжаасүрэнгийн Зоригийг сонгож байжээ. Монголын анхны төрийн бус байгууллага
болох МоАХ анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион
байгуулж, Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн байна. Тухайн үед Зөвлөлт Холбоот улсад өрнөсөн “перестройка” буюу
өөрчлөн байгуулалтын нөлөө 1980-аад оны дунд үеэс Монгол оронд нэвтэрч, төр
засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болжээ. Энэ байдал
аажмаар хүрээгээ тэлсээр 1989 оны арваннэгдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар
хотод болсон Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөний индрээс МАХН-ын Төв
хорооны Улс төрийн товчоонд өргөх бичиг барих хэмжээнд хүрч задарсан байна. Эдгээр
залуусын тэмцэл цааш үргэжилж 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар
Их Хурал Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд хуралдаж, хот
хөдөөгийн 611 төлөөлөгч, гадаад, дотоодын 200 гаруй зочин төлөөлөгч оролцжээ.
Уг хурлаас МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг 35, тэргүүлэгчдийг 9 хүний
бүрэлдэхүүнтэй байгуулж байсан байна.
Т.Хулан