МУИС-ийн хоёр дугаар байрны урд талбайд өнөөдөр 12 цагаас өвөрмонголчуудын эрхийг хамгаалахын төлөө жагсаал болно. Хятадын
Засгийн газрын зүгээс өвөрмонгол иргэдийг янз бүрээр дарамтлан, хүч хэрэглэж
байгааг эсэргүүцсэн монголчууд энэ жагсаалыг зохион байгуулж байгаа юм. Урьд нь
ийм зорилготой жагсаал хийх хүсэлт гаргаж байсан ч Сүхбаатар дүүргээс зөвшөөрөл
өгөхгүй гэсэн хариу ирж байсан. Харин өнгөрсөн лхагва гарагт тус дүүргээс жагсаал
хийх албан ёсны зөвшөөрөл олгосон аж. “Дэлхийн монголчуудын өв сангийн холбоо”
болон бусад ТББ-ын гишүүд өвөрмонголчуудаа дэмжиж, тэдний эрхийг хамгаалахыг
уриалж байна. Жагсаалыг зохион байгуулагчдын
нэг сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Хүний эрхийн өдөр арай ч бидний дуу хоолойг нухчин дарчихгүй байх гэж найдаж байгаа. Ялангуяа залуусыг энэ цуглаанд оролцож,
бид бас ах дүү нартаа санаа тавьдаг
гэдгээ харуулаасай гэж хүсч байна. Хэн нэгэн хууль бусаар амиа алдаж байхыг дуугүй хараад суух нь хүн ёсноос гадуур явдал шүү дээ” гэж уриалсан юм.
Сүүлийн хэдэн сар хоёр өвөрмонгол хүн хятадуудын гарт амь үрэгдэж, хэдэн арван хүн сураггүй болоод байна. Хятадууд тэдний бэлчээр газрыг машинаараа талхалж сүйтгэн, хамгаалах гэсэн нэгнийг зэрлэгээр зодож, дээрэлхэж байгаа юм. Мөн үүнийг эсэргүүцсэн тэмцэгчдийг олноор нь баривчилжээ. Маргааш болох жагсаалд тэдний нэг болох тэмцэгч Хуучинхүүг суллахыг мөн шаардаж байгаа аж.
Б.Баяр