Улаанбаатар хотод их хэмжээний манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаагаас өчигдөр оройноос хойш МИАТ-ийн нислэгүүдийг цуцлаад байгаа. МИАТ-ээс цаг агаарын байдлыг 14 цаг 40 минут хүртэл харж байж өнөө орой хуваарьтай зорчигч тээврийн онгоцуудыг нисгэх эсэхээ шийднэ гэж байсан. Тэгвэл саяхан Өмнөговь аймагт байдаг Олон овоотын уурхайн Овоотын нисэх буудал руу нэг онгоц нисэхийг ямар ч байсан зөвшөөрчээ. Уг нь энэ онгоцны нислэгийн хуваарь өглөөний долоон цагт байсан аж. Тиймээс хуваарийн дагуу нислэгээ хийсэн бол Өмнөговиос буцаж ирээд өдийд дараагийн аймаг руу нисэх байжээ. Харин олон улсын нислэгүүдийг өнөөдрийн хувьд яах нь одоогоор бүрэн тодорхойгүй байна. Өдрийн 12 цагийн байдлаар “Чингис хаан” нисэх буудлын орчимд, нисэхийнхний хэллэгээр “хараа-150” байжээ. Энэ нь 150 метрээс цаашхи орчин үзэгдэхгүй байсан гэсэн үг бөгөөд одоо байдал арай дээрдсэн тул нислэгийн удирдагчид өнөөдрийн анхны нислэгийг зөвшөөрөхөд аюулгүй гэж үзжээ. Гэсэн ч хэзээ манан бүрэн арилж, цаг агаарын байдал дээрдэх нь тодорхойгүй байгаа юм. Их хэмжээний чийглэг, дулаан агаарын урсгал Улаанбаатарт орж ирснээс ингэж манан татаж байгаа гэж тайлбарлаж байна.