Бусдын асуудлыг шийдэх гэж зүтгэдэг мөртлөө өөрсдийнх нь асуудал шийдэгдэхгүй ужгирсаар байсан сэтгүүлчид өдөржин, шөнөжин хуралдаж байж эвлэлийнхээ тэргүүнийг сонголоо. Бямба гарагт таван зуу орчим сэтгүүлчид талцаж, хуваагдаж, муудаж сайндсаны эцэст Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрийг Монголын сэтгүүлчдийн эвлэл гэж өөрчилж, тэргүүнээр нь зохиолч, сэтгүүлч Б.Галааридыг сонгосон юм. Энэ хурлаар МСЭ-ийн шинэ дүрмийг ч мөн баталсан. Гэсэн ч хот, орон нутаг гэж хуваагдсан сэтгүүлчид санал хураах гэж багагүй маргалдсан. Хуучин МСНЭ-ийн дарга байсан Т.Баасансүрэн, МҮОНРТ-ийнхэн нэг тал, TV9 телевиз болон “Өдрийн шуудан” зэрэг зарим сонины төлөөлөгчид нэг талд мөн орон нутгийн сэтгүүлчид үзэл бодлоо нэгтгэн энэ хуралд оролцов.
Энэ эвсэлд орон нутгийн сэтгүүлчдийг төлөөлөх хэн нэгэн удирдах албанд очих ёстой гэж үзсэнээс хурлын явц нэлээд сунжирч, уур амьсгал ч ширүүссэн юм. Ажил албаа цалгардуулан байж ирсэн саналын эрхтэй орон нутгийн сэтгүүлчид МСЭ-ийн дөрөвний нэг нь орон нутгийнхан байх ёстой гэсэн шаардлага тавьж хурлыг орхин гарч бас нэг халуун маргаан өрнүүлэв. Мэдээж тэд байхгүй бол санал хураах ирц бүрдэхгүй тул гуйн барин байж хурлыг үргэлжлүүлсэн юм.
Хурал эхлээд үдээс хойш болж байхад төлөөлөгчдийн нэг нь “Улс төрчид хэвлэлийн бага хурал зарлахаар телевизийнхэн бөөнөөрөө шавчихдаг байж өөрсдийнхөө тогоон дахь асуудлыг хэлэлцэж байж ганц, хоёрхон камер байдаг нь юу вэ?” ч гэж уурсаж байлаа. Өмнөх МСНЭ-ийн дарга нар сэтгүүлчдийн эрхийг хамгаалж, тэднийг дэмжихээс илүүтгэйгээр нь бяцхан тойрог үүсгэн, хүрээнийхнийгээ гадагш, дотогш аялуулсан шигээ суудаг байсан гэсэн шүүмжлэл их гарав. Сэтгүүлчид одоо хоорондоо улс төржиж эхэллээ гэж бодож болох юм. Мэдээж энд хувийн амбиц хөөсөн хүн олон байгаа. Гэхдээ өнөөдөр нийгмийн болохгүй, бүтэхгүй асуудлыг дэлгэн тавьдаг сэтгүүлч нөхдийн нийгмийн амьдралд анхаарах цаг болсныг нуух юун. Ёстой л “хүн биш цэрэг” гэдэг онигоо шиг “хүн биш сэтгүүлч” гэж хэлэхээр болоод байгаа.
Үнэнийг хэлэхэд сэтгүүлч мэргэжлийн нэр хүнд муу. Дээд боловсрол эзэмшсэн бусад хүмүүсийн дэргэд “хар бор” ажилд тооцогдохоор. Захиалгаар бичдэг, худал сенсаци дэгдээдэг гэж нийтээр муулна. Гэсэн ч сэтгүүлчид ч гэсэн ардаа амьдралтай, урдаа зорилготой хүмүүс. Үнэхээр захиалгаар бичихийг нь болиулъя гэвэл тэдний нийгмийн асуудалд онцгой анхаарах цаг болсон. Дөнгөж төгссөн залуу сэтгүүлчийг туршилт гэсэн нэрээр гурван сар цалингүй ажиллуулдаг, зарим жижиг байгууллагууд нийгмийн даатгал, илүү цагийн мөнгө өгдөггүй. Багш нар ажлын цаг их, цалин бага, хэцүү байна гэж байгаа ч тэд үнэн хэрэгтээ сэтгүүлчдээс бага цаг ажиллаж, илүү цалин авдаг юм шүү дээ. “Хөөрхий, энэ сэтгүүлчид чинь цэвэрлэгчийн цалин авдаг юм байна лээ штээ” гэж тохуурхангүй хэлэхийг ч сонсож байлаа. Энэ мэргэжлээр төгссөн залуу боловсон хүчнүүдийн ихэнхи нь өөр салбар руу шургадаг нь үүнтэй ч холбоотой. Тэгэж их ардчилал, хүний эрхийг хүсээд байгаа бол сэтгүүлчдээс эхлэх хэрэгтэй гэдгийг энэ хурал ил, тод харуулав. Ямартаа ч ням гарагийн өглөөний долоон цагт гарсан санал хураалтын дүнгээр МСЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчид МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, дэд ерөнхийлөгчид “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Заяабат, Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүнээр Ц.Шаравдорж нар сонгогдож цусаа сэлбэлээ.
Б.Баяр