Өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж байсан шатахуун түгээх станцыг дээрэмдэж, тус станцын ажилтан эмэгтэйг хөнөөсөн талаар манай сайт мэдээлсэн билээ. “Гурван цагаан далай” хэмээх ШТС-ыг гэр бүлийн хоёр хувиараа ажиллуулдаг байжээ. Гэмт этгээдүүд эхнэр болох 37 настай Д-ийн амийг онц хэрцгийгээр хөнөөж, түүний нөхөр 37 настай Л-ийн гуян тус газар гэмтээсэн юм. Тэд гурвуулаа байсан бөгөөд ШТС-аас 2-3 сая төгрөг дээрэмдээд хэргийн газраас зугтсан байна. Хэрэг гарснаас хойш ЦЕГ, ЭЦГ, НЦГ, ЗЦГ, Төв аймгийн цагдаагийн газар мөн тусгайгийнхнаас бүрдсэн 70 гаруй алба хаагчдын бие бүрэлдэхүүн Батсүмбэр суманд ажиллаж, тухайн өдрийн галт тэргээр хойд урд чиглэлд явсан зорчигч бүрийг шалгасан. Харин өнгөрсөн сарын сүүлээр дөрвөн хүнийг сэжигтнээр татан шалгаж байсан ч тэд уг хэрэгт холбогдолгүй болох нь нотлогдсон юм. Тиймээс гэмт этгээдүүдийг дахин эрэн сурвалжилж, хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан байцаасан байна. Эх сурвалжийн өгүүлсэнээр тэд хэргийг үйлдсэнээ хүлээгээд байгаа аж.
Б.Чимэг