Өнгөрсөн сарын 13-нд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутагт үл таних этгээдүүд насанд хүрээгүй охинд тариа хийсэн хэмээн хэвлэлээр цацагдсан билээ. Уг мэдээллийн мөрөөр Улсын Ерөнхий Прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт шалгах үүрэг өгсөн юм. Түүний биед учирсан гэмтэл, тариулсан, ямар нэг бодисын үйлчлэлээр хордсон эсэхийг тодруулах, шүүх эмнэлэгийн шинжээч томилон дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд тогтоол хүргүүлээд байгаа. Харин хэргийг үйлдсэн гэх хоёр залуу өнөөг хэр олдоогүй байгаа юм. Болсон явдлын талаар Г.Отгонзулын ээжтэй уулзаж ярилцлаа.
-Болсон явдлын талаар жаахан тодруулахгүй юу?
-Өнгөрсөн сард манай охин хичээлдээ явахаар гэрээсээ гарсан. Гэтэл үл таних хоёр залуу Отгонзулаа гээд дуудаад, түүний үерхдэг найз болох Баярсайханы ах байна уулзая гэж дагуулж явсан байгаа юм. Тэгээд гэрээс баруун хойш байрлах гудамжинд аваачиж заналхийлэн улаан өнгийн шингэн зүйл хийсэн тариур гаргаж баруун булчин тус газарт нь тарьж, айлган сүрдүүлсэн байсан. Бид тэр даруй яаралтай түргэн тусламжийн 103 дуудаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж, эмнэлгийн анхны үзлэгт оруулсан.
-Шинжилгээний хариу тэгээд яаж гарав?
-Тухайн үед нүднийх нь хүүхэн хараанд өөрчлөлт орж, ухаан санаа нь орж гардаг байсан. Тэгээд мэдрэл хүн шиг балай балай юм яриад биднийг их сандаргасан. Харин одоо гайгүй болсон. Шинжилгээний хариу ч зүгээр гэж гарсан байгаа.
-Одоо тэгээд биеийн байдал нь ямархуу байна?
-Яг хэрэг гарсны дараа л бие нь их муу байсан. Тиймээс долоо хоног хичээл нь чөлөө авч асарсан. Одоо харин биеийн байдал нь харьцангуй дээрдээд байна. Яг урьдийн хэвэндээ орсон.
-Тариа хийсэн залуус нэрээр нь дуудсан гээд байгаа. Таньдаг хүмүүс нь байсан юм уу?
-Харин л дээ. Магадгүй л юм. Таньдаг хүмүүс нь айлгаж, сүрдүүлэх гэсэн байж магадгүй гэж бид таамаглаад л байгаа.
-Дахин сэжигтэй хүмүүс харагдаж байна уу?
-Одоохондоо харагдах юм алга. Гэхдээ хэргийг үйлдсэн хоёр залуу одоо болтол олдоогүй болохоор жаахан айдастай л байна. Тиймээс охиноо сургуулиас нь шилжүүлээд, эндхийн сургуульд оруулаад байгаа. Өмнө нь Зайсангийн тэнд сурдаг байсан.
-Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт хийсэн. Гэтэл танай гэрээс тань их хэмжээний, олон төрлийн эм тариа олдсон учраас Отгонзулыг өөрийгөө тарьсан хэмээн хардаж байгаа?
-Юу гэж миний охин өөрийгөө тарих вэ дээ. Охин минь их ухаантай, даруухан, тийм зүйл хийхээр хүн биш. Харин хэргийн дараа цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, бэрийн маань хэрэглэж байсан Неробекс, Ципринол, Метронизадол, Ампицилин гэх мэт эм, тариаг нь хураагаад авсан.
Б.Чимэг