Оросын тэрбумтан Михайл Прокоров ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, В.Путинтэй өрсөлдөнө гэдгээ өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “New Jersey Nets” багийн эзэн, 18 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг бизнесмэн юм. Михайл Прокоров сонгуульд нэр дэвших тухайгаа Оросын эрх баригч намуудын удирдлага болох Д.Медведев, В.Путин нартай ярилцаагүй, өөрөө шийдсэн гэж мэдэгджээ. Өнгөрсөн бямба гарагт Москва хотод ДУМ-ын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал болсны дараа ийм шийдвэр гэнэт гаргасан гэж тайлбарлаж байна. Гэхдээ Михайл Прокоров өнгөрсөн долоо хоногт өөрийн блогтоо “В.Путин бол улс орныг удирдаж, авч явж чадах цорын ганц хүн” хэмээн бичиж байсан нь түүнийг давхар өөр зорилготой байж магад гэсэн таамаглалыг төрүүлж байгаа юм. Түүнийг “СNN” нэвтрүүлэгтээ урьсан боловч зөвхөн өөрийн орны хэвлэлд ярилцлага өгнө хэмээн татгалзжээ. “Форбес” сэтгүүлд түүнийг “Оросын гурав дахь баян хүн, ганц бие, дайчин бух” гэж тодорхойлсон байна. Яагаад өдий хүртэл ганц бие яваа тухайд нь асуухад “Ажил ихтэй, ажилдаа ч хайртай. Тийм болохоор гэр бүлийн тухай бодох завгүй явна” гэсэн хариулт өгчээ.
Б.Баяр

