Өчигдөр Японы Танегашима арал дахь сансрын буудлаас Эйч-2А гэдэг пуужинг амжилттай хөөргөлөө. Уг пуужин Азийн зүүн хойд хэсгийг тэр дундаа БНАСАУ-ыг ажиглаж буй тагнуулын «Рэда-3» хиймэл дагуулыг тойрог замд нь оруулах ёстой юм.Уг хиймэл дагуулыг үзэгдэх орчин муу үед мэдээлэл цуглуулах боломжтой радараар тоноглосон байна. Хиймэл дагуулыг өнгөрсөн ням гарагт хөөргөхөөр төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хойшлуулжээ.
Япон улс одоогийн байдлаар тойрог замд тагнуулын гурван хиймэл дагуултай болоод байна. Эдгээр хиймэл дагуул нь зөвхөн хараазүйн хэрэгсэл ашиглан тагнуулын ажиглалт явуулдаг. Тус улс радар бүхий тагнуулын хиймэл дагуулгүй учраас одоог хүртэл цаг агаарын аливаа нөхцөлд бүс нутгийг 24 цагаар ажигладаг системээ бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй байгаа аж. Радартай хиймэл дагуулын оронд Америкийн сансрын тагнуулын мэдээллийг ашигладаг байжээ. Гэвч АНУ өөрийн холбоотондоо ийм төрлийн хиймэл дагуулынхаа мэдээллийг бүрэн ашиглуулдаггүй аж. Эйч-2А нь япончуудын бие даан үйлдвэрлэсэн пуужин бөгөөд устөрөгч-хүчилтөрөгчийн түлш болон хатуу түлшний хурдасгуураар ажилладаг байна. 2003 онд уг пуужингаар тагнуулын хиймэл дагуул хөөргөхийг оролдсон боловч амжилтгүй болж байжээ. Тус улсын эрх баригчиид Эйч-2А пуужинг хөөргөх үүргийг машин угсралтын томоохон компани болох «Мицүбиши хэви индастриз» корпорацид даалгажээ.
Т.Энхэлээ