Шотланд дахь Монголын өргөмжит консул Дэвид Скотт ирэх нэгдүгээр сард Шотландын 15 компанийн төлөөлөгчийг Монголд авчрах гэж байна. Адал явдалт аяллын бизнес эрхэлдэг Д.Скотт өнгөрсөн 11 дүгээр сард өргөмжит консул болсон бөгөөд түүний зохион байгуулж буй энэ айлчлал нь Шотландаас Монголд хийж буй бизнесийнхний анхны танилцах аялал болох юм. Виски үйлдвэрлэдэг “BenRiach Distillery” компани, Глазгогийн их сургууль гэх зэрэг салбар салбарын бизнесмэнүүд Монголд ирээд идэх хоолоо хүртэл эхнээс нь захиалж байна. Шотландын үндэсний хоол нь haggis буюу хонины ходоод бөгөөд Улаанбаатарт буух буудлынхаа тогоочтой Д.Скотт өчигдөр утсаар ярьж, монгол хонины ходоодыг шотланд маягаар яаж бэлтгэхийг зааварлажээ. Шотланд маягаар haggis-ийг бэлтгэхдээ хонины зүрх, элэг, уушгийг сонгино, овъёосны гурил, амтлагчтай хольж машиндаад ходоодонд нь чанадаг. Ингээд нухсан төмс, манжингаар хачирлаж иддэг ажээ. Монгол тогооч ч энэ маягаар бэлтгэхээ амласан бөгөөд аль сарын өмнөөс шотландчуудын ийн захиалга өгсөн нь ч учиртай. Юу гэвэл билэг танхай найрагч Роберт Бёрнсынхоо төрсөн өдрийг шотландчууд үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг ба энэ өдрийн гол хүндэт зоог нь haggis байдаг. Тэгвэл нэгдүгээр сарын 25-нд тохиодог энэ өдрөөр сайхь 15 бизнесмэн Монголд байж таарах юм. Haggis-аа хийлгэж идэхийн хамтаар тэд Шотланд, Ирландад уламжлал болсон Бёрнсын үдэшлэг гэдгийг Улаанбаатарын нэг ресторанд зохиож нутгийнхаа соёлыг талын монголчуудад танилцуулна гэнэ.
Идэш уушаа захиалж авсан хэдэн шотланд одоо 30 градусын хүйтэнд өмсөх хувцас сэлт гээд аяны хэрэглэлээ базааж байгаа тухай Д.Скотт Глазгогоос утсаар ярив. Шотланд хүн хаана ч явсан шимж суух виски авч явдаг. Тэгвэл тэдний хувьд энэ асуудал хэдийнэ шийдэгдсэн бөгөөд 15 бизнесмэний нэг нь дээр хэлсэнчлэн вискиний том үйлдвэрийн эзнийхээ хувиар Монголд хийх долоо хоногийн аяллын вискиг бүрэн даахаа амлажээ.