“Занаду арт” галерей өнөөдрөөс эхлэн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Шинэ жилийн баяраар урлагийн үнэт бэлгээр хайртай хүмүүстээ бэлэг барихыг тус үзэсгэлэнгээр уриалж байгаа гэнэ. Урлагийн бүтээлүүд өөрсдийн үнэт чанар, хүнд нөлөөлөх гоо зүйн таашаалаараа хожим хөдөлшгүй өв хөрөнгө болно гэж үзэсгэлэнг зохион байгуулагчид хэлж байна. Уг үзэсгэлэнд чиглэл бүрээр урласан 50 гаруй бүтээл тавигдсан бөгөөд уран бүтээлч бүхний өөр өөр ертөнц, арга ажиллагаагаар урласан сонирхолтой зүйл их байна. Монголын урчуудын эвлэлийн шагналт зураачдаас эхлээд залуу уран бүтээлчдийг хамарсан тус үзэсгэлэнд дэд профессор Х.Содномцэрэнгийн “Хоёр бор” бүтээл нэлэнхүйдээ гэгээлэг өнгөтэй агаад хос морьд дэл, сүүлээ сэвшин үлээх салхинаа намируулан давхиж буйг дүрсэлсэн бол Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ш.Ганхүүгийн “Өглөө”, “Байгаль” бүтээлүүд тод хурц өнгө, эрч хүчтэй бичилтээс бүтсэн байна. Мөн зураач Б.Нандин-Эрдэнийн “Инээмсэглэсэн бодлууд” бүтээлд дүрслэх урлагийн коллаж гэх төрлийг ашиглан инээмсэглэн суух бүсгүйн хөргийг гаргасан бол А.Өлзийбаатар, Ө.Одхүү нар ч уран баримлаараа уг үзэсгэлэнд оролцжээ.
Уран зураг, монгол зураг, арьсан урлал, эсгий урлаг, уран баримал, сийлбэрийн урлагийн бүтээлүүдээс бүрдсэн уг үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 3 хүртэл үргэлжлэх юм байна.
Т.Хулан