ОХУ-ын Забайкальскийн хязгаарын манай Хэнтий аймагтай хиллэдэг хэсгээр мал хил давах явдал зогсохгүй байгааг Оросын холбогдох албаны хүмүүс мэдээлэв. 2008-2009 онд тус хязгаарын Ононгийн районд Монголоос 228 толгой мал хил даван орж иржээ. Харин 2010 онд 53 тооны адуу, 181 толгой бог мал “хил зөрчсөн” бол энэ оны 11 дүгээр сарын нэгний байдлаар 19 тооны адуу хил давсан байна. Монголын иргэд малаа хариулгагүй орхидог, алдуул малаа эрж хайдаггүйгээс ийм байдал үүсдгийг Оросын албаныхан хэлж байна. “Монголын нутгаас орж ирж буй мал нь малын халдварт өвчин, мөн хүн малын аливаа өвчнийг тээж ирэх магадлалтай тул бидэнд бодитой аюул учруулж буй хэрэг мөн” хэмээн Забайкальскийн хязгаарын Мал эмнэлгийн хяналтын албаны төлөөлөгч өчигдөр мэдэгджээ.