14 цагаас зарласан МАХН-ын хэвлэлийн бага хурал баахан уйтгартай болж
өндөрлөв. Намын нарийн бичгийн дарга Л.Цогтой хамт ирсэн гурван
эмэгтэй, нэг хар хүн тус бүртээ нэлээд зүйл ярьсаны дотор сэтгүүлчдийн
горьдлогод нийцэхүйц шинэ зүйл төдийлөн байсангүй. МАХН-ын удирдлагад
багтдаг бололтой тэр хар хүний ярьсан дөрвөн зүйл өнөөдрийн өгөх гэсэн
мэдээллийн цөм байв бололтой.

14 цагаас зарласан МАХН-ын хэвлэлийн бага хурал баахан уйтгартай болж өндөрлөв. Намын нарийн бичгийн дарга Л.Цогтой хамт ирсэн гурван эмэгтэй, нэг хар хүн тус бүртээ нэлээд зүйл ярьсаны дотор сэтгүүлчдийн горьдлогод нийцэхүйц шинэ зүйл төдийлөн байсангүй. МАХН-ын удирдлагад багтдаг бололтой тэр хар хүний ярьсан дөрвөн зүйл өнөөдрийн өгөх гэсэн мэдээллийн цөм байв бололтой. Тэрбээр “Эрх баригч хоёр нам Цэцэд маргаан үүсэх боломжгүй болгон цагийг нь тулгаж Сонгуулийн хуулийг батлах гэж байна”, “Сонгуулийн хууль батлагдахгүй, багш нар ажил хаясан эгзэгтэй үед төрийн гурван өндөрлөг бүгд гадаадад одож төрийн ажлыг завхруулсан”, “Хятадын коммунист нам Монголын ХЗДХЯаманд 230 сая төгрөгийн тусламж өгөхөөр болсон нь сэжигтэй”, “Сэтгүүлч нар эрэн сурвалжлах сэтгүүлзүйг эрчимтэй хөгжүүлбэл зүгээр байна” гэсэн дөрвөн зүйлийг ярьсан юм. Дараа нь үл таних нэгэн эмэгтэй МАХН-ын гишүүн 580 эмэгтэй чуулж намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг бий болгосон гэдгийг ёслол төгөлдөр зарлаад, байгууллагын зүгээс юуны түрүүнд Ц.Нямдоржид хандсан зургаан зүйл шаардлага тавьж байгаагаа уншин сонордуулав. Үүний дараа Баянхонгор аймгаас ирсэн нэг бүсгүй Н.Энхбаяртай ямар ч хамаагүй гэдгээ нотлон өгүүллээ. Дараалаад Л.Цог дарга МАНАН, Ц.Нямдорж гэх мэт үг түлхүү орсон нэлээд зүйл хэлсэн нь чихний хажуугаар өнгөрөв. Харин хамгийн сүүлд Увс аймгийн Сагил сумын уугуул, Хан-Уул дүүргийн харъяат нэгэн эмэгтэй сэтгүүлчдийн нойрыг үргээж, тэгснээрээ МАХН-ын өнөөдрийн хурлыг аварч гарсан юм. Тэрбээр хэдийгээр нэг нутгийнх боловч сайд Ц.Нямдорж, прокурор Д.Дорлигжав нарыг үзэн ядагч ажээ. Үзэн яддагаа сайхь эмэгтэй нэлээд цогтой илэрхийлсэний эцэст “Ц.Нямдорж оо, чи намайг шоронд хийж чадахгүй шүү!” хэмээн зоригтойгоор мэдэгдэв. Улмаар Ц.Нямдоржийг дуучин С.Жавхлангаар солихыг монголчууд, тэр дундаа баруун аймгийнхандаа уриаллаа. Бас Увсын Тариалан сумаас УИХ-д хүн гаргах санал дэвшүүлэв. Мөн иргэний хөдөлгөөний Г.Уянгыг “Монголын сайхан хатдын нэг” хэмээн алдаршууллаа. Түүний үздэгээр бол, Монголын кино найруулагчид нүдтэй байгаад Г.Уянгыг Өүлэн эх, Бөртэ үжин гэх зэрэг их хатдын дүрд сонгож тоглуулах бол сэтгүүлч бүсгүй тэдгээр дүрийг дээд зэргийн сайхнаар бүтээж чадна гэнэ. Цаашилбал Монголын түүхэн дэхь улс төрийн намын анхны генсек Н.Удвал ч энэ тал дээр түүнээс ер хоцрохгүй аж. Хамгийн сүүлд сайхь эмэгтэй Ц.Нямдоржтой сайн яривал садан төрөл гэдгээ зэрвэс цухуйлгаснаа, яавч үүнийгээ батлах гэсэн өнгөөр “Би бол Гаадан хамбын төрсөн зээ охин байна!” хэмээн үнэнээ хэлэв ээ. Үнэнээ хэлсэн даруйд нь хурал удирдагч Л.Цог микрофоныг шүүрэн авч хурлыг нэн даруй өндөрлүүлсэн юм. Ямар ч байсан МАХН-аас сүүлийн үед лав хийлгээгүй хөгийн хурлыг дугаар хорооны иргэн, Ц.Нямдоржтой нэг нутгийн эмэгтэй аварч гарав. Сэтгүүлчдийн хувьд юу болох бол гэсэн хүлээлтээр эхэлж, уйтгартай үргэлжилсэн хурал хөгжилтэй өндөрлөсөн нь энэ ээ.
Б.Болдсүх