Германы алдарт гэрэл зурагчин Хэльмүт Ньютоны нэгэн бүтээлийг танилцуулж байна. Нүцгэн биеийг алдаршуулдаг “nu” жанраар дэлхийн тэргүүн гэрэл зурагчны нэг болсон энэ хүн 1920 онд Германд төржээ. Алдарт “Vogue” сэтгүүлтэй 1961 оноос хойш хамтран ажилласан бөгөөд үүнээс гадна “Playboy”, “Harper’s Bazaar” зэрэг томоохон сэтгүүлүүдэд зориулан авсан түүний зургууд дэлхий дахинд алдартай. “Big Nude XIII” буюу “Чингис хааны охин” (Genghis Khan"s daughter) хэмээх энэ зургийг 1993 онд авсан нь АНУ-ын “Christie’s”-ийн дуудлага худалдаанд 2000 онд 12925 доллароор зарагджээ. 199.4 x 119.4 хэмжээтэй энэ зураг ар талдаа Х.Ньютоны гарын үсэгтэйгээс гадна дуудлага худалдаанд орохдоо дагалдсан захидал дээр “Дайхторхаллэнд гарсан үзэсгэлэнгээ тохиолдуулан Здэнэк Фэликст дурсгав. Монтэ Карло, 1993 он. Хэльмүт Ньютон” гэж бичжээ. Здэнэк Фэликс гэдэг нь гэрэл зураг, орчин үеийн урлаг судлаач, Германы томоохон мүзэйнүүдэд олон жил куратороор ажилласан хүн юм. Харин алдарт Х.Ньютоноор зургаа авахуулсан эмэгтэй чухам монгол хүн мөн эсэх, түүх намтар, их зурагчинтай учирсан тохиол нь ямархан болох нь тодорхойгүй юм.

Сэтгэгдэл (3)