
-БИ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ-
-Төрийн өмчийн хороо, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Лондонгийн хөрөнгийн бирж групп” ХХК хооронд байгуулсан “Ажлын мастер гэрээ”-г удахгүй дүгнэх ёстой. Гэвч та түүнээс өмнө ажлаа өгчихсөн. Энэ нь олон хүнд хардлага төрүүлж байна?
-Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бүр 2013 оны 6 дугаар сард өгсөн байсан. Миний өргөдлийг энэ оны нэгдүгээр сард Төрийн өмчийн хороогоор хэлэлцээд, ажлаас чөлөөлсөн. Би Монголын хөрөнгийн биржийг олон улсын зах зээлд гаргах, эрх зүйн шинэчлэл хийх, шинэ систем нэвтрүүлж, шинэчлэлийг эхлүүлэх, хууль, эрхзүйн орчныг сайжруулах зорилго тавьсан. Хөрөнгө оруулалтын сангийн хууль, Үнэт цаасны тухай хууль дээр нэлээд ойрхон ажиллалаа. Хийх ажлаа хийлээ. Зорьсон ажил маань ч амжилттай болсон. Лондонтой хамтран ажиллах гэрээ гурван жилийн хугацаатай. Гэхдээ системийг цаашдаа ашиглаад явна гэж ойлгож байгаа. Төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг гараад, Лондонгийн хөрөнгийн биржээс саналыг нь аваад гэрээгээ дүгнэсэн.
-Гэрээ зорилгоо хангасан уу?
-Зорилгоо биелүүлсэн.
-Та “Ажлын мастер гэрээ”-г үзэглэхэд оролцсон уу?
-2009 онд УИХ-аар 2010-2012 онуудад төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл батлагдсан. Үүн дээр МХБ-г Олон улсын туршлагатай багаар удирдуулан, үйл ажиллагааг нь сайжруулсаны үндсэн дээр хувьчилна гэж заасан. Түүний дагуу 2010 онд ЗГ тогтоол гарган МХБ-г удирдах олон улсын баг шалгаруулах шийдвэр гарч, түүнийг ТӨХ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгээд ТӨХ сонгон шалгаруулалт явуулсан. ЛХБ-тэй Стратеги түншлэлийн гэрээг ТӨХ 2010 оны 12 сард үзэглээд, "Ажлын мастер гэрээ" Лондонгийн хөрөнгийн бирж болон ТӨХ-ны хооронд 2011 оны 4 сард байгуулагдсан. Тухайн үед гэрээнд Монголын хөрөнгийн биржийг төлөөлөөд Төрийн өмчийн хороо гарын үсэг зурсан байдаг. Энэ гэрээнд би гарын үсэг зураагүй. Би хүний ард нуугдаж байгаа юм биш шүү. Ер нь энэ хамтын ажиллагааны агуулга нь төрөөс хөрөнгийн зах зээлийг салбарын хувьд дэмжиж, тодорхой хөрөнгө оруулалт хийж олон улсын түвшинд хүргэх юм.
-Гэхдээ 700 саяын хавсрах 200 саяын гэрээнд таныг гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий?
-Сургалтын гэх зэрэг дагалдан гэрээнүүд гэж байдаг. Лондонгийн хөрөнгийн биржийн академид бид 100 гаруй хүн сургасан. Дээр нь системийн хэвийн ажиллагааг хангах гэрээ бий. Төрийн өмчийн хороо хамт гарын үсэг зурсан байгаа.
-Та гэрээ амжилттай болсон гэж хэлсэн. Үр дүнг нь харж яагаад болсонгүй вэ. Эсвэл та өндөр албан тушаалд очих гэж байна уу?
-Өндөр албан тушаалд очих гэсэн зүйл байхгүй. Дунд шатандаа улс төрийн үл ойлголцол гарч байсан. Сүүлдээ бодсон л доо. Манай төлбөрийн асуудал шийдэгдэхгүй хоёр жил болчихлоо. Би өөрөө энэ асуудлын түгжээ болоод байж магадгүй, тавьсан том зорилгууд маань биелсэн учраас зууралдаад яах вэ. Дараа, дараагийн захирлууд нь асуудлаа шийдээд яваг гэж бодсон.
-Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн хувь заяа дээсэн дөрөөн дээр байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нийлнэ. Учир нь бид хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийн хөрсийг тавилаа. Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэх чухал мөчлөг дээр ирж байна. Энэ чухал үед хэрхэхээс олон зүйл шалтгаална. Болохгүй, бүтэхгүй байна гээд явбал хөрөнгийн зах зээл унана. Эрүүл ухаанаар ажиллаад явбал босоод л ирнэ.
-Анхнаасаа энэ салбарыг хувьчлах, дампууруулах зорилготой байсан гэдэг?
-Би Монгол Улсын иргэн хүн. Өнөөдрөөс цааш 20-30 жил идэвхитэй ажиллах байлгүй дээ. Бирж дампууруулчихаад улаан цайм хувьчилж аваад явбал ес зүйгүй, өөрийн нэрээ сэвтүүлсэн муухай юм болно шүү дээ. Яалаа гэж би тийм зүйл бодох вэ. Харин ч хөл дээр нь босгохын төлөө ажилласан. Миний хувьд ажил хийсэн дүр эсгэж юм хийхгүй суугаагүй. Үр дүн нь гарах цаг хугацааны асуудал.
-Хөрөнгийн биржийн системийн шинэчлэл өмнөхөөсөө муудсан, хуучин системийн үед илүү дээр байсан гэдэг?
-Үнэт цаасны хууль шинэчлэгдэн батлагдлаа. Энэ нь үнэт цаасны салбарт баримтлах төрийн бодлого. Хуучин систем дотооддоо хийсэн программ байсан. Эрх зүй, дэд бүтцийн шинэчлэлийн үр дүнд зах зээл дээр мөнгөн төлбөр тооцоо гүйцэтгэгч банк орж ирсэн. Цаашлаад кастадион буюу үнэт цаасны хадгаламж хийдэг сервис орж ирж байна. Энэ нь олон улсын стандартад байдаг. Кастодиан банк дээр харилцагчдын мэдээлэл байж байна. Өнөөдрийн Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төв ХХК дээр хийгддэг олон функц кастодиан банкууд руу шилжинэ. Кастодиан хийдэг тусдаа програм хангамжууд байдаг, үүнийг нь биржийн шинэ систем бүрэн дэмжээд ажиллах боломжтой.
-Энэ систем брокер дилерийн компаниудыг хөрөнгийн зах зээлээс түрэх бодлого байсан юм болов уу?
-Өрөөсгөл ойлголт. Өмнөх Үнэт цаасны хуулиар манай зах зээл дээр 50 сая төгрөгийн дүрмийн сантай брокер дилерийн компани байгуулж болдог байсан. “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчлах, иргэн бүрт хувьцаа тараах төрийн бодлого 2010 онд гарсан. Үүнтэй холбоотойгоор брокер дилерийн нийт 20 гаруй компани байснаа асар богино хугацаанд 100 гаруй компани болж өргөжсөн. Ихэнх нь “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчлах процесс зах зээлийг өргөжүүлнэ гэсэн найдлага тээж орж ирсэн. Гэтэл энэ хувьчлал хийгдээгүй. Үнэт цаасны шинэ хуулиар брокер дилерийн компаниудын шаардлагыг өндөрсгөж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос дүрмийн сангаа 500 саяас 1.5 тэрбумын дүрмийн сантай болох ёстой гэж тусгасан байна лээ. Миний зүгээс биржид ажиллаж байхдаа компаниудыг хавчих, шахах тийм зүйл гаргаж байгаагүй.
-Хөрөнгийн зах зээл дээр брокер дилерийн 10 гаруй компани л идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн үү?
-Миний мэдэхээр 70 гаруй компани банкинд, дундын хөрөнгийн хуримтлалын санд хөрөнгөө байршуулаад, арилжаанд оролцох эрх нь нээлттэй байна. Харилцагчаа олох нь тухайн компанийн ажил. Захаар яривал Нарантуулын захиргаа барааг нь авчраад тарааж өгнө гэж байхгүй. Хэний лангуу ашигтай байгаа нь тухайн бизнес эрхлэгчдийн ажил.
-Брокерийн компаниуд яагаад гомдол, санал тавиад байдаг юм бол?
-Шаардлагууд нь өндөрссөн. Эрсдэлээс хамгаалсан, дундын хөрөнгийн санд тодорхой хөрөнгө байршуулах ёстой. Цаашлаад үнэт цаасны тухай хууль батлагдсантай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос дүрмийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлсэн. Санхүүгийн чадамжтай, чадамжгүй компаниуд байгаа. Зарим мэдээллийн хэрэгслээр ашигтай ажиллаж байсан Хөрөнгийн биржийг унтуулчихсан гэдэг зүйл бичсэн байсан. Айхтар идэвхитэй байсан биржийг шинэ систем орж ирээд зогсонги байдалд оруулсан гэдэг бол өрөөсгөл ойлголт. Харин ч одоо олон улсын стандартын дэд бүтэц, шинэ хууль эрх зүйн орчин бий болж манай зах зээл шинэ бүтээгдэхүүнтэй болох дэлхийн томоохон зах зээлүүдтэй холбогдох боломж нээгдлээ. Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгийг татах боломж бүрдлээ. Үүнийг брокер дилерийн компани бүр эсэргүүцээгүй гэдэгт итгэлтэй байна. Зах зээл маань макро эдийн засгийн орчин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан идэвхи суларсаныг үгүйсгэхгүй. Ганц системээс болно гэж юу байхав дээ. Тэрнээс Алтай бүгдийг зохион байгуулаад, гэрээ ч байгуулаад, тендер ч зарлаад, банкууд дээр очиж дансыг нь ч хаалгаад, гүйж очиж брокеруудыг дампууруулаад байх эрх мэдэлтэй хүн Монголд л лав байхгүй байлгүй дээ. Брокер дилерүүд санхүүгийн эрсдэлийг даах чадвартай байх ёстой. Миний хувьд зарчим л барьж ажиллаж байснаас ашиг хонжоо хараагүй.
-БИ ШИРХЭГ Ч БУУРАЛ ҮСГҮЙ БАЙСАН. ГУРВАН ЖИЛИЙН ДОТОР ҮС МИНЬ НЭЛЭЭД БУУРАЛТСАН БАЙНА-
-Хөрөнгийн биржээс гадаадын хөрөнгө оруулагчид зугтаах хандлага ажиглагдаж байна. Энэ юутай холбоотой вэ?
-Гадаадын хөрөнгө оруулагчид зугтаж байна гэж хэлэхгүй. Зах зээлийг хөгжөөгүй байхад орж ирээд хямд хувьцаа аваад зах зээл томрохын хэрээр ашгаа хийх төрлөөр үйл ажиллагаа явуулдаг гадны зарим сангууд манайд 2010 оноос орж ирсэн. Би 12 дугаар сард Хонконг, Нью-Йорк, Лондон зэрэг хотуудаар яваад дэлхийн томоохон хөрөнгө оруулагчидтай уулзсан. Тэд Монголын зах зээл рүү хөрөнгө оруулах сонирхол байсан боловч дэд бүтэц байгаагүй, одоо боломж нь нээгдэж байна, тиймээс хөрөнгө оруулах боломжийг эргэн судалъя гэж байсан.
-Хөрөнгийн биржийг удирдах танд хэцүү байсан уу?
-Би биржийн захирал болоход ширхэг ч буурал үсгүй байсан. Гурван жилийн дотор үс минь нэлээд бууралтсан байна. Маш их ачаалалтай ажил. Юм хийсэн учраас шүүмжлүүлж байна гэж бодож байгаа. Үр дүнг нь хүлээх ёстой. Шилжилтийн чухал үед ажиллаж байсан болохоор амаргүй байсан. Ажлаа өгснөөс хойш сар гаруй хугацаа өнгөрч байна.
-МАН-ын нөлөө бүхий хүмүүс МХБ-г хувьчилж авахаар таныг явуулсан гэж зарим хүн хэлж байна?
-Хөрөнгийн бирж бол ашгийн гэхээсээ дэд бүтцийн байгууллага. Нөлөө бүхий улс төрч, бизнесменүүд байх юм бол магадгүй хөрөнгө оруулалтын чиглэлээр юм хийх байлгүй дээ. Хардах эрх нь нээлттэй учир хардаж л байг. Хариуцлагатайгаар нэг зүйл хэлэхэд, шууд энийг дампууруулаад хувьчилж авъя, чи хөрөнгийн биржид очоод ажилла гэсэн зүйл байгаагүй. Улаан цайм дампууруулаад хувьчилж авах нь ёс зүйгүй асуудал биз дээ.
-Тендерт Лондон хууль бусаар шалгарсан. Энэ асуудалд МАН-ын нөлөө бүхий хүмүүс гар, бие оролцсон гэх юм билээ?
-Би 2011 оны нэгдүгээр сард гүйцэтгэх захирлаар томилогдсон. Харин тендер 2010 оны 5 дугаар сард зарлагдаж байсан. Шалгаруулах комисст нь би байгаагүй болохоор үнэндээ мэдэхгүй байна.
-Та С.Баярын шадар туслах байсан. Энэ хүний нөлөө хэр их вэ?
-Би Ерөнхий сайдын шадар туслах байсан. С.Баяр даргатай хоёр жил ажилласан. Өмнө нь би гадны хөрөнгө оруулагчтай компанид, мөн гадаадад ажиллаж байсан.
-Та хууль эрхзүйч мэргэжилтэй. Хөрөнгийн биржийг удирдах хангалттай туршлага байсан уу?
-Монголд Хөрөнгийн зах зээлийг удирдаад А-Я хүртэл мэддэг тийм туршлагатай хүн их ховор. Ажиллах хугацаандаа хангалттай туршлага, хуримтуулсан. Манай зах зээл анхнаасаа их хувьчлал хийх зорилготой байсан. Энэ үүргээ ч амжилттай биелүүлсэн.
-“Ажлын мастер гэрээ”-ний нэг хувь Төрийн өмчийн хороонд ч байдаггүй юу?
-Гэрээ гурван хувь байгуулагдсан. МХБ, ТӨХ, ЛХБ-д хадгалагддаг. МХБ дээр нэг хувь нь байдаг. Тийм хариуцлагатай гэрээг алга болгоно гэж баймааргүй л юм. Төрийн өмчийн хорооны дотоод зохион байгуулалтын асуудал гэж хэлнэ. Маш хариуцлагагүй үйлдэл.
-Гэрээний төлөвлөгөө, ТЭЗҮ хаана байгааг асуухаар таныг харуулдаггүй, мэддэггүй гэж байсан?
-Анх Т+3 систем нэвтрүүлэх гэж байхад Лондонгийн хөрөнгийн биржээс танилцуулга гаргаад Санхүүгийн зохицуулах хороо, төрийн өмчийн хороонд албан тоотоор хүргүүлж байсан. Түүнчлэн МХБ-ийн 2011-2015 оны хүртэл бизнес төлөвлөгөө гаргаад ТӨХ-оор батлуулж байсан. ТӨХ-оос гэрээ, төлөвлөгөөг хариуцаж байсан хүмүүс нь ажлаа өгөөд явчихсан юм гэсэн. Тэд аваад явчихмааргүй л юм. Эсвэл архив нь тийм замбараагүй байдаг юм уу.
-Анх яаж энэ албанд томилогдсон бэ?
-Өмнө нь хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирлаар жил гаруй ажилласан. Тэгээд Содхүү дарга Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдсон. Намайг тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан болохоор л томилсон байх.
-Намын шахалтаар энэ ажлаас гарчихсан уу?
-Алтай гэдэг хүнд дургүй байвал надад л дургүй бай. Дөнгөж хөл дээрээ босч байгаа хөрөнгийн зах зээлийг нураачих вий. Намын шахалт дээд түвшиндээ биш юм аа гэхэд дунд түвшиндээ байсан. Би насаараа энэ захирлын суудалд томилогдчихсон биш. Тэгээд ч хийх ёстой зүйлээ хийсэн болохоор ажлаас гарах өргөдлөө өгсөн.
-ЕР НЬ ЭНЭ ШИНЭЧЛЭЛ ЭРТ, ОРОЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХИЙГДЭХ Л БАЙСАН-
-Гэрээний төлбөр хийгдээгүй асуудал яригддаг?
-2012 оны долдугаар сараас хойш төлбөр хийгдээгүй. Өөрөөр хэлбэл манай төр Лондонгийн хөрөнгийн биржид үйлчилгээ үзүүлсэний төлбөрийн өглөгтэй явж байгаа. Бараг 2 жил гаруй мөнгө өгөөгүй. Лондонгийн хөрөнгийн биржийн зүгээс бидэнтэй сайн хамтын ажиллагаагаа бодоод алданги тооцохгүй байгаа.
-Гэхдээ гэрээний дагуу хүүгээ тооцоод, хэзээ л бол хэзээ мөнгөө нэхнэ байх?
-Одоо ч гэсэн мөнгөө нэхээд явж байгаа. Бид энэ асуудлаар УИХ, Засгийн газрын түвшинд нийт 100 орчим албан тоот явуулсан байдаг юм. Сангийн сайд энэ асуудлаа ТӨХ-нд тавь гэдэг. ТӨХ нь ҮХААЯ-ны харьяа агентлаг гэдэг утгаараа 2013 оны 10 сард Лондонгийн хөрөнгийн биржийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдүүлье гээд, яамдын саналыг авах албан тоот явуулсан. Одоо ямар шатанд явж байгааг мэдэхгүй байна. Хэдийгээр энэ төсөлд 14.2 сая долларын санхүүжилт хийнэ гэсэн боловч одоогоор 7 орчим сая ам.долларын зардал гарсан. Ач холбогдлоороо маш чухал ажил.
-Сүүлийн хэдэн жил хөрөнгийн бирж алдагдалтай ажиллажээ?
-Би манай хөрөнгийн зах зээлийн 2006 оноос хойшхи арилжааны идэвхийг гаргасан юм. 2006 онд нийт 18 тэрбум, 2007 онд 102 тэрбум, 2008 онд 62 тэрбум, 2009 онд 23 тэрбум, 2010 онд 92 тэрбум, 2011 онд 109 тэрбум, 2012 онд 144 тэрбум, 2013 онд 93 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Шууд нэг систем аваад үр дүнгүй ажилласан юм биш. Ер нь энэ шинэчлэл эрт, орой хэзээ нэгэн цагт хийгдэх л байсан.
-Хөрөнгийн биржийг хувьчлах сураг дуулдсан?
-Хувьчлалын асуудлын хувьд, өнөөдөр би биржид ажиллахгүй байгаа. Ажиллаж байсан ч шийддэг эрх бүхий этгээд нь би биш. УИХ-аас үндсэн чиглэл гарч, Засгийн газар, Төрийн өмчийн хороо гэсэн дарааллаар асуудал явах болов уу гэж ойлгож байгаа.
-Системийн эх код, анхдагч модуль байхгүй гэсэн асуудал бий?
-Эх код байхгүй гэдэг нь үндэслэлгүй. Эх кодыг МХБ, ЛХБ-ийН дундын эскроу дансанд хадгалдаг.
-БИ МОНГОЛ ХҮН ШҮҮ ДЭЭ-
-Хувьцаа эзэмшигч нар банк, брокер дилерийн компаниуд алдагдалд орсны улмаас багагүй айдастай байна. Тэд хоосон хоцрохгүй гэх баталгаа бий юу?
-Өмнө нь ч ҮЦТТТХТ-ийн дансанд мөнгө байршдаг байхад энэ эрсдэл байсан. Бид анхнаасаа олон улсын систем нэвтрүүлье л гэсэн. Банкаар дамжиж мөнгөн гүйлгээ нь хийгддэг. Харилцагчийн мөнгө шууд банкин дээр байж байвал илүү эрсдэлтэй гэж ойлгож байгаа бол өрөөсгөл ойлголт байх. Гэхдээ би хүн бүрийн өмнөөс ярьж чадахгүй, өөрийнхөө л бодлыг хэллээ.
-Тэгэхээр хувьцаа эзэмшигчид айлтгүй юу?
-Айлтгүй.
-Одоо та ямар алба хашиж байна?
-Би Их Британи-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимийн хүндэт ерөнхийлөгч ажилтай. Санхүүгийн зохицуулах хорооны даргын Орон тооны бус зөвлөх. Сар ч болоогүй байна. Хүүхдүүдийнхээ хичээл номыг давтуулж байна. Манай хүүхдүүд 6, 7-той. Эргээд харсан сургууль төгссөнөөсөө хойш нэг л их ажил гэсэн хүн. Хүүхдүүддээ цаг зарцуулж байгаагүй юм байна. Ажлын саналууд ч ирж байна. Үр дүнтэй, цаашид ч үр дүн нь үргэлжлэн гарах ажил эхлүүлсэн. Ажил төрөл найз нөхдийн журмаар ингэе тэгье гэсэн саналууд их ирэх юм. Гэхдээ би айхтар яарахгүй л байна. Хамгийн гол нь эр нөхөр, эцэг гэдэг ажлаа хийх ёстой юм байна шүү дээ.
-Мэдээллийн мөрөөр цагдаа, хуулийнхан таныг шалгах байх даа?
-Баримт материал нь бүгд байгаа учраас надад айх юм байхгүй. 2012 оны сонгуулийн дараа надад ТЕГ, АТГ-т өргөдөл гомдол өгөөд, тухайн үед ийм юмс эхэлж байсан юм шиг л байна лээ. Надаас янз бүрийн баримт материал авч байсан.
-Таныг хардаж байгаа хоёр шалтгаан байна. Ирэх сонгуульд өрсөлдөж улс төрд орох нэг бодол байв уу? Нөгөө талаар Лондонгоос их хэмжээний мөнгө нэхэж байгаа зэргээс болж зугтах болов уу?
-Гоё асуулт байна. Нэгд, ажил өгсөн шалтгааны хувьд өөрөө эхлүүлсэн төслөө алаад яах вэ гэсэн бодол надад байсан. Тэгээд ч зорилгоо биелүүлсэн учраас би ажлаа өгсөн. Би 2016 оны сонгуульд 35 настай байна. Энэ насандаа УИХ-ын гишүүн болоод яах ч билээ. Улс төр гэдэг нэг орвол буцаад гарахад хэцүү. Хөрөнгийн биржид ажилласан, С.Баяр дарга гэсэн том хүний дэргэд ажилласан ажлын туршлага байна. Өөрийнхөө амьдралд түлхүү анхааръя гэсэн бодолтой. Хоёрт, гэрээ байгуулсан этгээд нь өөрөө Төрийн өмчийн хороо. Үүргээ хүлээгээд, Засгийн газрын тогтоол шийдвэр дагуу явсан, гаргаж өгөх ёстой л мөнгө байх. Би биржийн гүйцэтгэх захирал байхдаа Лондонгийн мөнгөний асуудлаар 100-гаад албан тоот явуулсан байдаг юм. Мэдэхгүй, мөнгөний асуудал шийдэгдээгүй.
-Одоо манай улс Лондонд хичнээн төгрөгийн төлбөр төлөх естой вэ?
-Бараг 3 сая доллар байгаа байх. Жилийн 1.5 сая долларын төлбөр зэргийг төсвөөс гаргаж өгөх учиртай. Энэ Алтай гэдэг хүн ардын намынх, энэнд мөнгө гаргаж өгөөд яах юм бэ гэсэн бодолтой хүн байж магадгүй. Би түгжээ болж байснаас бодлогоо хэрэгжүүлээд явсан нь дээр. Гэхдээ төсөл хэрэгжүүлж байгаа гэдэг утгаар санаа их зовж байна. Уг нь би хийсэн ажилтай, үр хүүхдүүддээ хэлэх зүйлтэй гэж энэ ажлыг хийсэн. Дээр нь би монгол хүн шүү дээ. Зах зээлийг хөгжүүлэх, үндэс суурийг нь тавих боломж миний өмнө нээгдэж байхад би яагаад хийж болохгүй гэж. Манайд сонгодог утгаараа зах зээл хөгжөөгүй шүү дээ. Биржийг хувьчилж аваад, байшинг нь эзлэх үү? Тийм зорилго надад байгаагүй.
Д.ЭРДЭНЭТУЯА
Ж.ГАНЦЭЦЭГ
Ж.ГАНЦЭЦЭГ
Сэтгэгдэл (1)