МАХН, МҮАН-ын
багагүй хугацаанд хамтран ажиллаж, туршлага хуримтлуулсны дүнд хамтран
зүтгэхээр шийдэж улс төрийн холбоо байгуулснаа албан албан ёсоор зарлалаа. Хамтын
ажиллагаа нь зөвхөн нэг сонгуулийн хугацаанд бус есөн жил үргэлжлэх гэнэ. Хоёр
намын дарга нар цаашид гар нийлж хамтран ажиллана гэдгээ гэрээнд гарын үсэг
зурж баталгаажуулсан байна. Мөн Монголд 7000 гаруй ТББ, 430 гаруй хэвлэл,
мэдээллийн байгууллага байгаа нь монголчууд задарч байгаагийн нэг үзүүлэлт болж
байна. Түүгээр барахгүй хэвлэлд гарсан мэдээллээс үзэхэд Монголд 29 шашин үйл
ажиллагаа явуулж байгаа нь ч үүний нэг илрэл хэмээн тэд үзэж байна. Улс орны
нөхцөл байдал ийм эгзэгтэй хүнд үед байхад монголчуудыг нэгдэхийг тэд уриаллаа.
Өнөөгийн улс төрийн өнгө аяс, үүсээд буй нөхцөл байдлын тухайд МАХН-ын дарга
Н.Энхбаяр, МҮАН,-ын дарга М.Энхсайхан нар “Өнөөгийн төр засаг ард түмнээ
ядууруулсанд хариуцлага тооцох ёстой” хэмээн байр, сууриа илэрхийллээ. Тэд мөн үнийн
өсөлт, шатахууны үнийн хөөрөгдлийн асуудлаар мэдэгдэл гаргаснаа хэвлэлээр
дамжуулан эрх баригчдад сонордуулав. Үнийн өсөлт монголчуудыг хүнд байдалд
оруулсан нь нефть импортлогчдын ашиг олох гэсэн хууль бус луйвар байсныг
тэмдэглээд энэ асуудлыг нухацтай судлан шалгаж, энэ долоо хоногт багтааж үнийн
өсөлтийг хэвийн байдалд оруулж, буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстойг
тэмдэглэжээ. Засгийн газар дурдсан хугацаанд арга хэмжээ авч чадахгүй бол,
цалин, тэтгэврийг яаралтай нэмж, нийгмийн халамжийн чиглэлээр олгох
тэтгэмжүүдийг бий болгох ёстойг ч хатуу санууллаа.
Т.Хулан