Төрийн ордонд өчигдөр нээлтээ хийсэн Монгол төрийн музей удахгүй
иргэдэд нээлттэй болох гэж байна. 2000 гаруй үзмэрийг байрлуулсан уг
музейд төрийн ёслолд хэрэглэж байсан сүлд, туг, далбаа, тамга, дуулал
тэргүүтнийг үзүүлж байгаа юм. Тухайлбал, Хубилай хааны зарлигаар 1270
оны үед бүтээсэн “Арван буянт номын цагаан түүх” зохиолд гардаг Хаан
төрийн есөн их бэлгэ энд дэлгэн тавьжээ.

Төрийн ордонд өчигдөр нээлтээ хийсэн Монгол төрийн музей удахгүй иргэдэд нээлттэй болох гэж байна. 2000 гаруй үзмэрийг байрлуулсан уг музейд төрийн ёслолд хэрэглэж байсан сүлд, туг, далбаа, тамга, дуулал тэргүүтнийг үзүүлж байгаа юм. Тухайлбал, Хубилай хааны зарлигаар 1270 оны үед бүтээсэн “Арван буянт номын цагаан түүх” зохиолд гардаг Хаан төрийн есөн их бэлгэ энд дэлгэн тавьжээ. Мөн Богд Жавзандамба хааны 1915 онд бичсэн “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг”-т заасан Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн долоон эрдэнэ, Эзэн Чингис хааны нутгийн хөрс шороо, рашааны дээжүүд, Чингис хаан, түүний дөрвөн хөвүүний удмын дээдэлж ирсэн овгийн тамгыг ч эндээс үзэж болох нь. Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой буюуу 2006 онд их хааны тухай үзмэрийг дэлгэхэд оролцуулж байсан зүйлсийг ч энэ музейд багтаасан байна. Түүнээс гадна төрийн өндөрлөгүүдэд гадаад улсаас ирүүлсэн бэлэг, дурсгалын зүйлсийг байршуулсан аж.
2005 онд Засгийн газрын 136 дугаар тогтоолоор “Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол, хүндэтгэлийн цогцолбор”-ыг Төрийн ордны урд өргөтгөн байгуулсан. Үүний нэг хэсэг нь өнөөдөр нээгдээд буй Төрийн музей юм. Одоогоор ордны арын хэсэгт байрлаж буй уг музейг энгийн иргэд үзэх боломжтой болгохын тулд “Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д өөрчлөлт, зохицуулалт оруулж байгааг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн байна.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn