АН-ын сайд нар өнөөдөр Засгийн газраас гарч, ажлаасаа чөлөөлөгдөх
хүсэлтээ албан ёсоор гаргахаар боллоо. Нийгмийн захиалгаар гарах нь
зүйтэй гэж өчигдөр хуралдсан АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар санал нэгтэй
баталсан тул өнөөдөр 14 цагаас Засгийн газраас гарах өргөдлөө өгнө гэж
тус намын дарга Н.Алтанхуяг хэллээ.

АН-ын сайд нар өнөөдөр Засгийн газраас гарч, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргахаар боллоо. Нийгмийн захиалгаар гарах нь зүйтэй гэж өчигдөр хуралдсан АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар санал нэгтэй баталсан тул өнөөдөр 14 цагаас Засгийн газраас гарах өргөдлөө өгнө гэж тус намын дарга Н.Алтанхуяг хэллээ. Анх хамтарсан Засгийн газарт орохдоо байгуулсан гэрээгээ зөрчиж, зөвшилцөлгүй энэ шийдвэрийг гаргаж байгаа тул уг гэрээ нь бүхэлдээ хүчингүй гэж зарим хуульч үзэж байгаа. Хэрэв гэрээг хүчингүй гэж үзвэл энэ Засгийн газрын эрх бүхэлдээ хүчингүй болно гэж тайлбарлаж байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Манай нам 15-аас зургаан сайдын суудал авсан. Тиймээс гэрээний хүчинтэй эсэхийг олонхи буюу МАН шийдэх ёстой” гэв. ҮЗХ-ны гишүүдийн хурц шүүмжлэлийг Н.Алтанхуяг сайд хэрхэн хүлээн авч байгаа тухай асуухад “Шүүмжлэлээс авах зүйлээ бол авна. Шүүмжлэлээс илүү сайд, дэд сайд нараа зогсоогоод байцааж чадаж байгаа нь АН-ын давуу тал” гэлээ. Өчигдөрийн хурлын үеэр сайд Х.Баттулга “MCS” компани Засгийн газартай 70 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай ярьсан нь ямар учиртайг түүнээс тодруулахад “Намайг шадар сайдаар ажиллаж байх хугацаанд тийм зүйл яригдаагүй. Энэ талаар мэдээлэл алга” гэсэн юм.