Өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд "Алтай констракшн"-ы нэхэмжлэлтэй, хотын даргыг хариуцагчаар татсан давж заалдах шатны шүүх хурал 9.30 цагаас боллоо. Шүүхийн шийдвэр иргэдийн талд гарсан байна. Ингэснээр “Алтай констракшн" ялагдал хүлээж, анх авсан 71.8 метр квадрат газраа хэвээр үлдээх болов. Мөн сүүлд авсан газар нь иргэдийн өмч болж байгаа аж. Анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар 31-нд болж, Нийслэлийн засаг даргын 370 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж, “Алтай констракшн”-ы талд шийдвэрээ гаргаж байсан юм. Харин шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн иргэд эсэргүүцэж гомдол гаргаснаар гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хурал болсон байна. Хэргийг сануулбал, өнгөрсөн хавар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын хажууд байрлах 0,9 га газарт “Алтай констракшн” ХХК-ийнхан орон сууц барих ажил эхлүүлсэн. Гэвч оршин суугч, дүүргийн ИТХ-ын гишүүдийн хүсэлтээр тус компанийн газрын зөвшөөрлийг хотын дарга Г.Мөнхбаярын 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь цуцалж байсан юм.
Б.Чимэг