АН-ын дарга Н.Алтанхуяг ҮЗХ-ны шийдвэрээр хамтарсан Засгийн газраас гарах болсноо албан ёсоор мэдэгдээд МАН-ын даргад 14 цагт өргөдлөө өгнө гэж байсан юм. Үүнийг МАН-ын дарга хэрхэн хүлээж авах бол гэж сэтгүүлчид хүлээсэн ч Н.Алтанхуяг өргөдлөө сэтгүүлчдэд мэдэгдэлгүй нууцаар өгчээ. АН-ын хувьд байр сууриа тов тодорхой илэрхийлсэн. Харин МАН-ын дарга ямар хариу хэлэх нь чухал байлаа. Хамтарсан Засгийн газар байгуулахдаа хийсэн гэрээгээ зөрчиж байна хэмээн өмнө нь мэдэгдэж, арай ч гарчихгүй байлгүй гэсэн ярилцлага өгч байсан. АН асуудал нэгэнт тодорхой болсон байхад яагаад сэтгүүлчдээс далдуур өргөдлөө өгөв гэдэг нь өөрөө асуулт дагуулж байна. Өргөдлийн хажуугаар өөр санал тавьсан байх магадлалтай гэсэн хардлага ч явж байгаа юм. Ерөнхий сайд ямартай ч АН-ынхны ажлаа өгөх хүсэлтийг хүлээж авчээ. Тиймээс МАН шинэ сайд нараа томилох ажилдаа ханцуй шамлан орж байгаа бололтой.

