Шатахууны үнийг нэмсэн буруутан мөн эсэх нь одоо хүртэл бүрэн тодроогүй ч, ямар ч байсан “нэр нь яригдсаар” буй ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан үнэ нэмэх шийдвэр гаргасан хурал дээр чухам ямар байр сууртай байсан, юу хэлсэн нь өнөөдөр тодорхой болж байна. Хурлын протоколыг энд бүрэн эхээр нь хүргэе.
ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан ажлын хэсгийн хуралдааны протокол
Ажлын хэсгийн хурал 2012 оны нэгдүгээр сарын 6-ны 18:00 цагт Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд болов.
Хуралдаанд дэд сайд Б.Ариунсан, Ц.Амраа, Магсаржав, Л.Раднаасүрэн, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын хоёр төлөөлөгч, "НИК", "Петровис", "Магнай трейд", "Шунхлай", "Сод Монгол", "Жаст-Ойл", "М-Ойл", "Петрожамп", "Ойн бирж" ХХК-иудын төлөөлөл оролцов.
Дэд сайд Б.Ариунсан: Сайн байцгаана уу? Компаниудын үнэ нэмэх асуудлыг тавьсантай холбогдуулан нөхцөл байдлын талаар болон компаниудын үнэ нэмэх саналыг сонсъё.
Энхцэцэг (Шунхлай ХХК): Бид 11, 12 дугаар сард удаа дараа ЭБЭХЯ-нд долларын ханшны зөрүүгээс болж алдагдалтай ажиллаж байгаа талаараа хандаж байсан боловч өнөөдрийг хүртэл үнэнд өөрчлөлт оруулаагүй. Биднийг уг бичгийг өгч байхад америк долларын ханш 1350 байсан бол одоо 1450 болчихоод байна. Бид төрөл тус бүр дээр 300 төгрөгөөр нэмэх саналтай байна.
Ц.Амраа (ГТГ): Энэ бол маш өндөр өсөлт, манай тооцоогоор долларын ханш 1392 байхад, компаниудын ашгийг тэг хувь гэж үзэхэд одоогийн үнээс дизелийн түлш 150 төгрөг, А-80 54 төгрөг, АИ-92 86 төгрөгийн зөрүү гарч байхаар тооцоо байгаа. Үнийн нэмэлтийг төрлүүд дээр балансжуулах байддаар жишээлбэл хамгийн өндөр хэрэглээтэй тээврийн гол түлш ДТ дээр арай багаар, АИ-92 дээр бол арай өөр байдлаар нэмж болохгүй юм уу. Мөн одоо та нарын хэлж байгаа өсөлт дэндүү өндөр байна. Үнийн өсөлтийг ямар ч тооцоогоор 1800-гаас дээш гаргах үндэслэл байхгүй.
Л.Раднаасүрэн (ЭБЭХЯ):- Та бүхэн хилийн үнэ тонноор ирж байгаа ч гэсэн хэрэглэгчдэд литрээр борлуулж байгаа. Литрт шилжүүлээд литрийн үнийг тооцоход та бүхний санал болгож байгаа үнийн нэмэлт дэндүү өндөр байна.
Халиунбат (НИК): USD-ын олдоц муу байна. Монгол банкны ханшаар доллар олдохгүй байна. Худалдаж авах үнэ ченжийн ханшаар авч байна. "Роснефть" компанийн манайхтай харилцдаг албаныхан шинэ жилийн амралттай гээд нэгдүгээр сарын 10 хүртэл ажиллахгүй байгаа. Иймд төлбөрөө шилжүүлээгүй байна.
/Төлбөрөө хийсэн нэг ч компани байхгүй байгаа талаараа оролцогч бүх компаниуд илэрхийлэв/
Р.Батбаяр (ассоциацийн тэргүүн): -Зөвхөн хилийн үнийг долларын өнөөдрийн ханшаар үржүүлээд НӨАТ нэмээд долларын ханшийн зөрүү 200 төгрөгөөр үржүүлэхэд л ДТ-2000, АИ- 92 1960, А-80 бензин 1600 төгрөг болж байна шүү дээ.
Ц.Амраа (ГТГ): Яаж ч бодсон та бүхэн таван хувийн ашиг хийсэн ч 200 төгрөгөөс дээш гарахгүй. Долларыг 1400-гаар бодоход л дээр нь нэг тонн тутамд гарах зардлыг нэмээд литрт шилжүүлэхэд 1800-гаас доош байна.
Дэд сайд Б.Ариунсан: -Үнийн өсөлтийг хоёр хувааж хийж болох ч долларын ханштай холбож гарч байгаа энэ өсөлт хэрэглэгчдэд ойлгомжгүй болно. Тийм учраас нэг удаа хийх нь зүйтэй гэж үзэж байна.
Халиунбат (НИК): Манай хүмүүс тооцоог сая надад явууллаа. Яг одоогийн ханшаар бол АИ-92 1890, ДТ- 1900, А80-1580 төгрөг байх тооцоог би сая и-мэйлээр авлаа.
Энхцэцэг (Шунхлай): Энэ үнийн томъёолол дээр зөвхөн "Роснефть"-ийн үнээр тооцож байна. Гэтэл бид 40 орчим хувийг бусад эх үүсвэрээс өндөр үнэтэйгээр авч байгаагаа тооцоогүй байна. Энэ нь компаниудад алдагдал болж байна.
Ц.Амраа (ГТГ): Нэгдүгээр сард ТНК компаниас ямар үнэ өгсөн бэ? Төлбөрөө хийсэн үү?
Халиунбат (НИК) ДТ дээр тонн тутамд 1270 долларын үнэ өгсөн. Төлбөрөө хийгээгүй байгаа.
Дэд сайд Б.Ариунсан: Манай хэрэглэгчийн төлөө газрынхан сайн сонсоорой. Яг үнэндээ Монголбанк долларын ханшийг барьж чадахгүй, үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Долларын ханшийн өөрчлөлт нь жирийн талх үйлдвэрлэгч хүнд хүртэл нөлөөлж байна. Гэтэл талхны үнийн өсөлтийг яриад байдаг хэрнээ танай газар долларын ханшны үнэ Монгол банкнаас ченж нарыг зохицуулж чадахгүй байгааг ерөөсөө ярьдаггүй. Өнөөдөр өдөр миний өрөөнд Сангийн яамны болоод Монголбанкны төлөөлөлтэй уулзахдаа долларын ханшийг цаашид буух эсэх талаар хариу өгөхийг хүссэн. Үдээс хойш хариу ирсэн байна. Тэднийхээр бол долларын ханшийг бууруулах нь эргэлзээтэй байна. Та бүхэн удирдлагадаа дуулгасан биз дээ. Энэ талаар та бүхэн ямар арга хэмжээ авах гэж байна?
ШӨХТГ-ын төлөөлөл: Манайх хуулийн дагуу давамгайлагчийн үнийг хянах ёстой. Бидэнд хамаагүй асуудал учраас бид явлаа. /Хурлаас гарч явав /
Б.Магсаржав (ГТГ): Гадуур болоод интернэтээр импортлогч компаниуд 300 төгрөгөөр үнээ нэмэх гэж байна гэсэн шум тарсан байна. Колонкууд дээр оочер үүссэн байна. Үнийн өсөлтийг хэрвээ хийхээр бол өнөөдөртөө хийхгүй бол байгаа нөөцийг ховх сорж нөөцөд нөлөөлөх болно.
Дэд сайд БАриунсан: Бидэнд хангамж маш чухал. Хэрвээ энэ байдлаар явбал компаниуд бүтээгдэхүүнээ татахгүй байдалд орно.
Р.Батбаяр /ассоциацийн тэргүүн/ АИ92-1890, ДТ-1900, А80-1570 гэж тогтоомоор байна.
Дэд сайд Б.Ариунсан: Долларын ханш өссөн нь бодит шалтгаан. Тэгэхээр АИ-92 1850, ДТ-1885, А-80 1550-аас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ үнэ нь та бүхний эцсийн санал гэж ойлголоо. Та бүхэн өөрсдийнхөө нөхцөл байдлын талаар хэвлэлд мэдээллээ өгөөрэй.
Хурал 19 цаг 30 минутад өндөрлөв.
Хурлын тэмдэглэлтэй танилцсан:
ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан
ГТГ-ын орлогч дарга Ц.Амраа
ГТГ-ын хэлтсийн дарга Б.Магсаржав
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Л.Раднаасүрэн
НХАссоциацийн тэргүүн бөгөөд “Мон Питекс” ХХК-ийн захирал Р.Батбаяр
НИК ХХК
Магнай трейд ХХК
Шунхлай ХХК
Сод Монгол ХХК
Жаст-Ойл ХХК
М-Ойл ХХК
Петрожамп ХХК