Өчигдөр Баян-Өлгий аймгийн шүүхэд Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нарт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Тэдэнд анхан шатны шүүхээс шунахайн зорилгоор, дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн хоёр хүний амийг хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатааж устгасан, улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэм буруутайд тооцож, цаазаар авах ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг хэвээр нь баталсан байна. Хэргийг сануулбал, Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ах дүү Х, Б нарыг шунахайн зорилгоор дээрэмдэж, амийг нь бүрэлгэсэн юм. Б, Х нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд сураггүй болж, цагдаагийнхан тэдний цогцос болон шатсан машиныг долоо хоногийн дараа тус аймгийн Баяннуур сумаас 10 гаруй км-т орхисон байсныг олсон билээ. Хохирогчид тухайн үед 31-51 БӨА улсын дугаартай “УАЗ-469” маркийн автомашин хөлөглөж, биедээ 20 сая төгрөгтэй явж байсан юм. Цагдаагийнхан Баяннуур сумаас дээрх гурван залуугийн хоёрыг баривчилж, нэгийг нь тус аймагтай хил залгаа Шинжаанаас БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхан саатуулан манай талд хүлээлгэн өгсөн юм.
Б.Чимэг