Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд байшин шатсан гэх долоон дуудлага иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах, гал унтраах арав, 26, 29, 30, 34, 63 дугаар ангийн аврагч гал сөнөөгчид ажилласан байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын гудамжинд 12х10 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн хана, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын гудамжинд 7х13 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, тавилгын хамт шатаж байсныг тус тус унтраажээ.
Мөн сүүлийн үед гэр хороололд амины байшин, сууц шатсан дуудлагууд нэлээд ирж байгаа аж. Гал гарч буй гол шалтгаан нөхцөл нь яндангийн цонолт, цахилгааны хэт ачаалал, цахилгаан угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас болжээ.
Иймд амины орон сууцны байшингийн дотор талын засалд шатамхай материал аль болох ашиглахгүй байх /лампиран материалаар тааз хийхгүй байх/, пийшингийн яндан, дээврийн хэсгээр шатдаггүй материалаар хаалт хийж хамгаалах, гэртээ хялбар шатдаг бензин, керосин, лак, будаг зэргийг хадгалахгүй байх, цахилгаан хэрэгслийн ачааллыг тохируулах, цахилгааны утас халсан эсэхийг тогтмол шалгах, залгуурын чадлын дээд хязгаарыг хэтрүүлэхгүй байх, цахилгаан хэрэгслийг тогноос нь заавал салгаж галын аюулгүй байдлыг хангахыг НОБГ-аас анхаарууллаа.
Б.Чимэг