Энэ нь шаанс гэхээсээ шалгуур болсон нь үнэнтэй ойр юм. Их хурлын
сонгуультай 2012 онд парламентын 76 суудалд сэлгээ хийхийн тулд нам
бүрээс төдий тооны хүн нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл өчигдөр болсон
хуралдаан ууган намыг хуучирсан, “хоосорсон” гэдгийг нэгэн талаар
илэрхийллээ. Зургаахан сайд томилох гэж хэний ч танихгүй, үзээгүй,
хараагүй нэрсийг дэвшүүлж байв.

Гэнэт эзгүйрсэн зургаан сайдын суудлыг нөхөж, С.Батболд даргын нам өөрийн засгаа байгуулах шаанс өчигдөр тохиов. Энэ нь шаанс гэхээсээ шалгуур болсон нь үнэнтэй ойр юм. Их хурлын сонгуультай 2012 онд парламентын 76 суудалд сэлгээ хийхийн тулд нам бүрээс төдий тооны хүн нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл өчигдөр болсон хуралдаан ууган намыг хуучирсан, “хоосорсон” гэдгийг нэгэн талаар илэрхийллээ. Зургаахан сайд томилох гэж хэний ч танихгүй, үзээгүй, хараагүй нэрсийг дэвшүүлж байв. Нийслэл хотыг удирдаж явсан ч олноос муугаа л дуудуулж байсан Ц.Батбаяраар эх орны батлан хамгаалах салбар, офицер, генералуудыг удирдуулах болсонд мэл гайхах хүн цөөнгүй. Дархан-Уулын Хонгорын “түүхийг бичсэн” гэдгээрээ олноо танигдсан Д.Хаянхярваа улсын төсвийг төлөвлөдөг сангийн сайд болчихлоо. Урьд нь дэд сайдаар нэг, УИХ-ын гишүүнээр бас нэгэн удаа ажиллаж байсан ч Говь-Алтайчуудаас өөр газарт танигддаггүй, дуугүй гишүүнээр Барилга, хот байгуулалтыг удирдуулах гэнэ. Цагтаа ихийг дуулгаж явсан намд энэ гурваас өөр, түүх намтар, угсаа гарвал, дадлага туршлагатай хүмүүс байсангүй бололтой, намын бүлэг тэднийг л тодрууллаа.
Нөгөө талаар “хоосорсондоо”, томилчих хүнгүй болсондоо ингэв үү гэвэл үгүй байж болох. УИХ дотроос томилох гурван сайдын суудалд С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Ч.Улаан, Р.Буд гээд нийт 10 хүн нэрээ өгснийг харвал шинэ, залуу, хүчтэй, хуучин улстөрчид ч байжээ. Яагаад тэднийг томилж, нийгмийн шаардлагыг дагасангүй вэ? Энэ нь ч цаанаа учиртай. Харьж яваа гэхэд болох, дараагийн сонгуульд гарах нь баттай бус энэ гурван гишүүнийг томилох нь сонгуулийн цагтаа тустай. Зургаахан сарын сайдын албатай болохоор сонгуулиар тойрог өгөхгүй байхад хэлэх үгтэй, хэн хэндээ хожоотой “наймаа”. Нэгэнт Засгийн газар хийх ажлаа шувтрах болж, хамаг төлөвлөгөөний 85 хувь нь биелсэн байхад зургаан сайд байсан ч, байгаагүй ч үлдсэн 15-ыг гүйцээж л таараа. Энэ талаас нь харвал нэрийн төдий сайдуудыг, нам доторх наймаагаар нэг мөсөн “тэтгэвэрт” суулгасан явдал болж буйг үгүйсгэхгүй.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn