Өнгөрсөн Ням гарагт болсон Казахстаны парламентын сонгуульд ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын Нур Отан нам илт давуу ялсан ч хоёр жижиг нам парламентад суудал авах эрхтэй болжээ. Ах-Зол /Гэгээн зам/ нам 7.4 хувь, Коммунист ардын нам 7.2 хувийн санал авсан байна. Энэ жил Казахстан хувь тэнцүүлсэн тогтолцоотой парламентын сонгуулийн хуулиндаа зарим өөрчлөлт оруулж жижиг намуудын суудал авах босгыг долоон хувиар тогтоож өгсөн юм. Харин илт давуу ялсан Нур Отан нам 80.74 хувийн санал авчээ. 12-р сарын 16-нд тус улсын газрын тос олборлодог Занаозен хотод цэргүүд жагсаал хийж байсан иргэд рүү гал нээсэн юм. Энэ үеэр 16 хүн амиа алдаж, 80 гаруй хүн гэмтсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан. Тиймээс энэ удаагийн сонгууль үймээн, будлиантай болох магадлалтай хэмээн үзэж байсан ч харьцангуй тайван сонгууль болсон гэж ажиглагчид дүгнэж байна. Өмнөх парламентын сонгуульд Н.Назарбаевын нам 90 гаруй хувийн санал авч, дангаараа эрх барих бодлогыг гаргаж байсан юм.

