Энэ сарын 12-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 09.30 цагаас Н.Базаррагчаа нарын 22 хүүхдэд холбогдох шүүх хурал зарлагдсан ч энэ сарын 31-н хүртэл хойшилсон юм. Учир нь хуралд 18 өмгөөлөгч оролцохоос шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /МӨХ-ын гишүүн өмгөөлөгч/ хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй учраас шүүх хурлыг хойшлуулсан байна. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн шүүхээс өмгөөлөгч Б.Энхтүвшинд арга хэмжээ авахуулах тухай албан бичгийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хүргүүлжээ. Шүүгдэгчид бүгд насанд хүрээгүй хүүхдүүд аж. Тэднийг Эрүүгийн хуулийн 126.3, 145.2, 147.2, 153.1, 261.1 гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа юм. Тэд 2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэрэг үйлдэн, мөн мөрдөн байцаалтын явцад оргон зайлж байжээ. Хохирогчдын тоо 50-д хүрсэн байна.
Б.Чимэг