Өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланг шүүх хурал эхэлсэн ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр энэ сарын 30-ныг хүртэл хойшлууллаа. Энэ талаар хохирогчийн ээжээс тодруулахад, “Манай өмгөөлөгчийн зүгээс хүсэлт тавьсан. Гэхдээ ямар хүсэлт гэдгийг нь эгч нь сайн мэдсэнгүй. Илүү зүйл ярьмааргүй байна. Хурлын шийдвэр гартал хэвлэлээр яриа өгөөд хэрэггүй гэж өмгөөлөгч маань хэлсэн. Тиймээс шийдвэр гарсны дараа л дэлгэрэнгүй яриа өгье” гэв. Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэгээд 13 настай нугараач охиныг амралтгүй арав гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойн, удаа дараа тарчлаадаг байсан аж. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж. Хуралд шүүгчээр Х.Нарантуяа, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцжээ.
Б.Чимэг