
МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар тодорсон шинээр томилогдох сайд нарын нэрийг ерөнхийлөгчид өргөн барилаа. МАН-ын дарга, ерөнхий сайд С.Батболдын санал болгосон сайд нарын нэрсийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн тамгын газарт өгсөн байна. Ерөнхийлөгчийг энэ долоо хоногт багтаан өөрийн байр сууриа илэрхийлэх тул сайд нарын асуудал дараагийн долоо хоног гэхэд бүрэн цэгцэрсэн байх аж. Манай сайтын өмнө нь мэдээлж байсанчилан тэргүүн шадар сайдаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг сонгоод байгаа юм. МАН-ын дарга С.Батболдын хэлснээр Засгийн газрын ажлыг тасалдуулахгүйн тулд сонгуулийг хойш нь тавьж хамгийн шилдэг боловсон хүчнээ дэвшүүлж байгаа гэв. Анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд тэргүүн шадар сайдын орон тоо бий болгосон. Тиймээс ажлаа хийж дуустал бүтцийн өөрчлөлт хийхгүй гэж ерөнхий сайд мэдэгдсэн юм.
Өчигдөр болсон МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Байгаль орчны сайдад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нарыг нэр дэвшүүлэхээр болсон юм.
Б.Баяр