МАН-ын дарга С.Батболд энэ долоо хоногт багтаан сайдуудаа томилуулаад Давосын эдийн засгийн чуулганд оролцохоор тав дахь өдөр Швейцарыг зорих гэж байна. Харин Ерөнхийлөгч сайдуудын томилгоонд саналаа хэлчихээд Өмнөговь аймагт ажиллахаар болжээ. Тиймээс МАН-ын сайдууд энэ долоо хоногт ажилдаа орох нь тодорхой боллоо. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүн шадар сайд болсноор суудал нь эзгүйрч байгаа нь олон хүний анхаарлыг татаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ерөнхий сайд С.Батболд намаа салгаж авахын тулд У.Хүрэлсүхийг сайд болгосон аж. Тэрбээр энэ талаараа “сонгуулиас илүү засгийн ажлыг бодож У.Хүрэлсүхийг тэргүүн шадар сайд болгосон” гэсэн гоё тайлбарыг хийсэн. Гэвч түүний бодол өөр бололтой. Хэрэв өөр бодолтой нь үнэн бол намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар өөрийн гарын хүнийг тавих нь тодорхой. Одоогоор МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг нарийн бичгийн дарга нар дундаас нь тавих тухай асуудал яригдсан ч гэсэн дэмжлэг аваагүй бололтой. Орон тооны нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ц.Сүхбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл нарын хэнийг нь ч ерөнхий нарийн болохгүй гэсэн мэдээлэл таржээ. Ийнхүү МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх тулалдаан эхэлсэн бөгөөд дараагийн бага хурлаараа шийдэх гэнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулиар намынхаа дотоод асуудлыг хариуцах, харилцааны менежмент сайтай, чадварлаг, олны танил хүн байх ёстой гэсэн өндөр шалгуур босготой аж.