МоАХ-ын IV бага хурлын уур амьсгал ширүүн өрнөж байна. Хурлын төлөөлөгчид МАН болон АН-ын удирдлагуудаа ч зоригтой шүүмжилж байна. Тухайлбал, АН-ын гишүүн Сангийн сайд асан С.Баярцогтыг ажлаа сайн хийгээгүй, төмөр зам барих бололцоо байхад мөнгө хөрөнгийг нь төсөвлөж өгөлгүй хэдэн жил гацаасан, махны үнэ дотооддоо өндөр байхад гадагшаа экспортлох гэж байгааг шүүмжиллээ. Тиймээс Сангийн сайд асан С.Баярцогт, Н.Алтанхуяг, “Ажнай” группын Д.Бат-Эрдэнэ нарыг дахин сонгохгүй байхыг нэгэн төлөөлөгч уриаллаа. Хан-Уул дүүргийн төлөөлөгч “МоАХ ардчиллын салхийг эхлүүлсэн. Гэтэл 2004 онд ардчиллын дүр эсгэсэн, МАН-тай нэг хөнжиллд орсон олигархууд манай намд олширсон. Бид энэ хүмүүсээс салах салах цаг болсон байна. Архи тамхины наймаачдыг дараагийн сонгуульд орон нутагт дэвшүүлэхгүй байхыг хүсье” гэсэн юм.